Британийн Кент гүнлэгт хууль бус дүрвэгсдийг байрлуулах төвд гал тавьсан хэрэгт сэжиглэн таван этгээдийг баривчилжээ. Цагдаагийнхны мэдээлснээр эмх замбараагүй байдал үүссэн төвийг Лондоноос зүүн урагш орших Фолкстон хот дахь цэргийн хуучин хуаранд нээсэн аж. Өнгөрсөн оны есдүгээр сараас тэнд Францын Кале хотоос голдуу ирсэн хууль бус 400 орчим цагаач, дүрвэгч байрлаж байна. Тус төвийн оршин суугчид хоолны газраа эвдэн түйвээсний дараа гал гарсан гэнэ. Цагаач, дүрвэгсдэд харгис хэрцгий ханддаг хэмээн хүний эрхийг хамгаалагчид ДХЯ-ыг буруутгасан бол сайд Прити Пател нь тус төвийн оршин суугчид эл үйлдлээрээ Британийн татвар төлөгчдийг гутаан доромжиллоо гэсэн байна.
Эмх замбараагүй байдал үүсэхээс хэдэн өдрийн өмнө дүрвэгсдээс коронавирус илэрсэн бөгөөд тэд тусламж аваагүй тухай буяны, ашгийн бус “Сare4calais” байгууллагаас мэдээлжээ. Тэдний уламжилснаар дүрвэгсдийн төвд ес хоногийн тусгаарлалтын дэглэм тогтоосныг оршин суугчид нь эсэргүүцсэн аж. Зарим дүрвэгчийг тус төвөөс шилжүүлсний дараа үлдсэн цагаачид өөрсдийг нь хуаранд үлдээлээ хэмээн дургүйцэн хоолны газрыг түйвээж, цонхыг нь хагалсан гэнэ. Мөн тэд хамгаалалтын ажилтанд халдсан тухай мэдээлэл ч иржээ. Гал тавьсны улмаас төвийн нэг барилга бараг бүрэн сүйдсэн байна. Дүрвэгсдийг гэрэл цахилгаан, дулаангүй, хоол, унд бэлтгэх боломжгүй газарт байлгаж, олон хүн “Ковид-19”-ийн халдвар авснаас ийм хэрэг явдал болсон гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгджээ. Харин ДХЯ-ныхан нь санаатай халдлага хэмээн үзэж буй учир нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгаж буй аж.