Өөрөөр хэлбэл, түүний тэмцэл амжилттай өндөрлөлөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, Оюутолгойн гэрээ хэлэлцээр батлах үеэр Сү.Батболдын оффшор компаниудад гаднын компаниудаас их хэмжээний мөнгө орж ирсэн баримтуудыг шалгуулахаар Нью-Иоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцааж авсныг эсэргүүцсэн. Эрх баригчид буулт хийж, С.Ганбаатартай хэлэлцээрийн ширээнд суулаа. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоов.
Тэрбээр нүүр номдоо “Бид Оюутолгойн гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичгийг та бүхэнд танилцуулж байна. Үүгээр өлсгөлөнгөө зогсоож, ОТ гэрээг монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд ОТ-той холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно” хэмээн бичжээ.