Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзан, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов. Уг уулзалтаар коронавирусийн үед иргэдийн эрүүл мэндээс гадна эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулах талаар зөвлөлдлөө. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын үед хөл хорио, хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах боломжтой нь өнгөрсөн хугацаанд харагдсан гэж нийслэлийн Засаг дарга онцлов. Эдийн засагч Ө.Ганзориг үүнтэй санал нийлж буйгаа илэрхийлээд, “Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийгээгүй нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдлыг улам хүндрүүлэхэд хүргэсэн” гэсэн юм. Уулзалтаар мөн хоёр дахь жилдээ танхимын сургалт явуулахгүй байгаа нь сурагчдад сөргөөр нөлөөлж буйг хөндлөө. Тиймээс нэг болон төгсөх ангийн сурагчдыг танхимд хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав. “Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг, эхийн оролцооноос ихээхэн хамаардаг. Тиймээс эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэг олгоход анхаарч ажиллана” гэж нийслэлийн Засаг дарга хэлэв.