Европын нислэгийн аюулгүй байдлын агентлаг “Boeing 737 MAX” онгоцыг бараг хоёр жил хориглосны дараа тус тивд ашиглахыг зөвшөөрчээ. Үүнээс өмнө АНУ, Канад, Бразил, Британи ийм шийдвэр гаргасан юм. “Нарийн дүн шинжилгээ хийсний дараа ийм шийдвэр гаргалаа. “Boeing” компани болон АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас үл хамааран, эдийн засаг, улс төрийн дарамт шахалтгүйгээр дүгнэлт гаргасан. Бид өөрсдөө нисэх туршилт хийсэн” гэж Европын нислэгийн аюулгүй байдлын агентлагийн гүйцэтгэх захирал Патрик Кай мэдэгджээ. Индонезэд 189, Этиопт 157 хүн амь эрсдэхэд хүргэсэн осол гарсны дараа 2019 оны гуравдугаар сараас уг онгоцыг олон улс ашиглахаас татгалзсан билээ. Үүний дараа “Boeing” компани осол гарахад хүргэсэн жолоодлогын системийн программ хангамжаа өөрчилсөн юм.