Ираны Эрүүл мэндийн яамны харьяа эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газар Оросын “Sputnik V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон тухай тус байгууллагын дарга Киануш Жаханпур мэдэгдэв. "Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн SputnicV вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олголоо" гэж тэрбээр Твиттертээ бичжээ. Эл шийдвэрийг Эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газрын дотоодын болон импортын эм бэлдмэлийн стандартыг тогтоох комиссын хуралдаанаар гаргажээ. Иран улс мөн Энэтхэг, Хятадын вакциныг судалж байгаа аж. Иранд нийт 1,4 сая хүн халдварлаж, 57 мянган хүн нас барсан статистик тоо байна.