Ром хотын"Фьюмичино" нисэх онгоцны буудалд “Italpol” компани өөрсдийн сургасан албаны нохдыг хэрхэн COVID-19 коронавирусийн халдварыг таньж байгааг харуулжээ. Эл үзүүлэнг Италийн ихэнх телевизийн сувгаар Пүрэв гарагт /2021.01.29/ нэвтрүүлсэн байна. Ойрын ирээдүйд эдгээр нохдыг жинхэнэ зорчигчидтой ажиллахад ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Нохойг коронавирусийн халдвартай байж болзошгүй хүмүүсийг үнэрээр нь таньж сургахад 6-8 долоо хоног шаардлагатай гэж “Italpol” компани тайлбарлажээ. Энэ аргын давуу талуудын нэг нь нохой ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч халдвар авсан хүнийг хурдан илрүүлж чаддагт оршино. Италийн нохой сургагчдийн ярьж буйгаар бол сургалт тоглоом хэлбэрээр явагддаг гэнэ. Тодруулбал коронавирусийг "үнэр" -ийг амжилттай илрүүлсэн тохиолдолд нохойг бөмбөгөөр тоглохыг зөвшөөрч урамшуулдаг аж. Коронавирусийн халдвартай эсэхийг тодорхойлоход нохой ашиглах нь тийм ч шинэ зүйл биш гэнэ. Эл аргыг Италид төдийгүй Франц, Финляндын нохой сургагчид ч хэрэгжүүлсэн байна.