Чилийн Эрүүл мэндийн яам “AstraZeneca” компанийн гаргасан коронавирусийн эсрэг вакциныг онцгой үед ашиглахыг зөвшөөрсөн тухай тус яамны тэргүүн Паула Даза мэдэгджээ. Эл вакцин нь Чили улсад хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь бэлдмэл юм. Өмнө нь тус улс Америкийн “Pfizer" компани, Хятадын "Sinovac" компанийн эмийг зөвшөөрчээ. Дазагийн хэлснээр гурав дахь вакцин байснаар Чили улсад вакцинжуулах кампанит ажлыг хугацаанд нь дуусгах боломжийг олгох аж. Чили ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд халдвар авах эрсдэлтэй таван сая хүнийг, энэ оны эхний хагаст хүн амынхаа 80 хувийг дархлаажуулахыг зорьж байгаа ажээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Чили улсад цартахал эхэлснээс хойш халдвар авсан 709888 тохиолдол бүргэгдэж, 18040 хүн нас барсан байна.