УИХ-ийн гишүүн С.Ганбаатар 2021 оны нэгдүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж буй. Цагдаагийнхан С.Ганбаатарын майхнаас зуухыг нь хурааж авсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөс энэ талаар тодруулахад “Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр төв талбайд хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хууль сануулан буцаасан” гэв. Хүний эрхийн үндэсний комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэний майхныг цахилгаанд холбуулан гурван цахилгаан халаагуур нэвтрүүлсэн байна.