Нипах буюу NiV вирусээс үүдсэн цар тахал эхэлж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) сэрэмжлүүлэв. Эл вирус 1999 онд Малайзийн Нипах голын эрэг дагуу оршдог гахайн фермерүүдээс илэрснээс ийм нэртэй болжээ. Үүнээс хойш Өмнөд Азид эл вирусийн голомт 12 удаа гарч байжээ. Түүнчлэн Африкт нутагладаг сарьсан багваахайгаас ч дээрх вирус илэрчээ. NiV вирусээр үүсгэгдсэн нас баралт 40-75 хувьтай бөгөөд вирус маш хурдацтай тархдаг аж. Өвчлөл шинж тэмдэггүй явагдаж болохын дээр үхлийн аюултай энцефалит үүсгэж болзошгүй гэнэ. Энэ өвчнийг эдгээх эм хараахан бүтээгдээгүй байгаа гэж “The Guardian” мэдээлжээ. Вирусийн байгаалийн тээгч нь Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид өргөн тархсан, "нисдэг үнэг" гэж нэрлэгддэг сарьсан багваахайн нэгэн төрөл аж. Мөн Африкт нутагладаг сарьсан багваахайнаас ч энэ вирус илэрчээ. Эрдэмтдийн тогтоосноор NiV вирусийн халдвараар өвдсөн гахайтай харьцах, сарьсан багваахайн ялгадсаар бохирдсон жимс (эхний ээлжид хасарваань, хасарваань жимсний дал модноос гаргасан шинэ шүүс) хэрэглэх зэргээр шууд дамждаг байна. Тиймээс энэ вирусийн тархалтаас сэргийлэхийн тулд дал мод болон хүнсний жимс ногооны талбай руу сарьсан багваахай,шүүсийг буцалгажг оруулахгүй байхыг ДЭМБ анхааруулж байна. Түүнчлэн жимс ногоог сайтар угаан, хальсыг нь авах, сарьсан багваахай хазсан ул мөр бүхий жимс идэхгүй байхыг зөвлөжээ. Вирусийг хүнд дамжуулах эрсдлийг бууруулахын тулд NiV вирусын халдвар авсан хүмүүстэй ойр хавьтахгүй байх, гараа тогтмол угааж, бээлий, амны хаалт хэрэглэх шаардлагатай аж.
Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс энэ сарын 27 нд мэдэгдэл хийхдээ коронавирусын нөхцөл байдлаас арав дахин хүнд байж болзошгүй дараачийн шинэ тахлын эсрэг тэмцэхэд дэлхий дахин бэлэн биш байгаа гэжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Бразилийн эрдэмтэн шинэ тахал дэгдэхийг урьдчилан таамагласан байна. Түүний үзэж байгаагаар экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас, тухайлбал Амазоны ой модыг устгаснаас болж шинэ вирус тархах аж.