Италийн Монтичари хотын эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн дарга Карло Моска ор суллах зорилгоор коронавирустай өвчтөнүүдийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгджээ. Энэ тухай La Repubblica мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр "аюултай бүсэд" халдвартай өвчтөнүүдтэй олон хоног ажилласан 47 настай Карло Москаг саяхан баатар гэж тооцдог байжээ. Өнгөрсөн хавар Итали улс COVID-19 тархалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байх үед тэрээр хоёр сарын турш гэр бүлийнхэнтэйгээ ч уулзахгүй өвчтөнүүдийн амь насыг авран ажилласан байна. Харин одоо Москийг "алурчин эмч" гэж нэрлэх болжээ. Түүний ажиллаж байсан эмнэлгийн сувилагч нар ярихдаа Моска коронавирусийг эмчлэх зааварт заагдаагүй маш хүчтэй эм авчрахыг байнга шаарддаг байж. Үүнээс гадна эмч маш хүнд өвчтөнүүдтэй ганцаараа үлдэхийг хүсэх болсон нь ажилтнуудын дунд хардлага төрүүлсэн байна. Моска эмчийн үйл ажиллагаанаас болж дор хаяж хоёр өвчтөн нас барсан тохиолдол илэрчээ. Италийн прокурорын газрын мэдээлснээр Моска гуравдугаар сард 61 настай Натале Басси, 80 настай Анжело Палетти нарт пропофол гэдэг хүчтэй мэдээ алдуулагч тариаг үхлийн тунгаар тарьсан байна. Одоогийн байдлаар хууль сахиулагчид өөр дөрвөн хүний үхэлд Моска эмчийг оролцсон эсэхийг тогтоож байна. Аллагын сэдэл хараахан тодорхой болоогүй аж. Моска эмчийн хамт ажилладаг хүмүүс түүнийг цар тахлын стрессээс болж галзуурсан гэж үзэж байгаа гэнэ. Харин мөрдөн байцаагчдын дүгнэлтээр бол Моска эмч шинэ өвчтөнүүдэд ор гаргахын тулд найдваргүй өвчтөнүүдээс салсан байна. Цагдаагийнхан Карло Москаг хүний амийг хөнөөсөн, өвчний түүхийг хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Моска өөрт нь тулгаж буй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.