Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьсан тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээллээ. Энэ үеэр Ж.Байден Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, кибер халдлага, А.Навальныйг саатуулсан тухай асуудлыг хөнджээ. А.Навальныйг хордуулсанд санаа зовж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хязгаарлах, хорогдуулах талаар авах арга хэмжээний тухай гэрээг таван жилээр сунгахад бэлэн буйгаа, мөн Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжихээ мэдээллээ. “Цөмийн пуужинг харилцан хязгаарлах олон улсын эрх зүйн чухал эл механизмыг цаашид хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бүх үйл явцыг талууд ойрын өдрүүдэд дуусгана” гэж Кремлийн мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна. Үүнд дурдсанаас үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Жозеф Байден нар уг гэрээг сунгах асуудлаар хоёр орон ноот бичиг солилцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
2010 онд байгуулсан дээрх гэрээний дагуу цөмийн цэнэг, тив хоорондын болон шумбагч хөлгөөс харвадаг баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тоог хязгаарласан билээ. Уг баримт бичгийн хүчинтэй хугацаа ирэх сарын 5-нд дуусах юм. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг таван жилээс илүүгүй хугацаагаар сунгаж магадгүй.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн шинэ удирдагч Жозеф Байден нарын утсаар хийсэн анхны яриа ажил хэрэгч, илэн далангүй шинжтэй болж, тэд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсоныг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тодруулбал, хоёр талын болон олон улсын тулгамдсан асуудлууд, коронавирусийн цар тахалтай тэмцэх, мөн худалдаа, эдийн засаг зэрэг бусад салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна. Олон улсын сэдвүүдээс Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс АНУ дангаар гарсан, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хадгалах болон Украины дотоод зохицуулалтын асуудал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилга зэрэг сэдвийг хөнджээ.
“ОХУ-ын удирдагч В.Путин үүрэгт ажилдаа орсонд Жозеф Байденд баяр хүргэлээ. Дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахад онцгой үүрэг хариуцлага хүлээдгийг харгалзан үзвэл ОХУ, АНУ-ын харилцааг хэвийн болгох нь хоёр орны төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв” гэж Кремлийн мэдээлэлд дурдсан байна. Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хязгаарлах, хорогдуулах талаар авах арга хэмжээний тухай гэрээг батлуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин парламентынхаа доод танхимд хэдийн өргөн барьжээ.