АНУ-ын Техас мужийн Холбооны шүүгч тус улсын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг зогсоох шийдвэрт хориг тавьжээ. Энэ тухай Fox News мэдээлэв. Эл шийдвэрийг шүүгч тус мужийн Ерөнхий прокурорын гомдлыг үндэслэн гаргажээ. Гомдолд шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа албадан гаргах явцыг хориглосон тогтоолоороо Дотоод явдлын яамтай байгуулсан гэрээг зөрчсөн болохыг тэмдэглэжээ. Энэхүү гэрээний дагуу бол цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулахдаа зөвлөлдөх мөн дор хаяж 180 хоногийн өмнө мэдэгдэл хийх шаардлагатай аж. Эдгээр нөхцөлийг биелүүлэх шаардлагатай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь Доналд Трампын засаг захиргаа хэд хэдэн мужуудтай ижил төстэй гэрээ байгуулсныг Fox News дурджээ. Шүүхийн захирамж улсын хэмжээнд хэрэгжих юм байна.
Байдены засаг захиргаа засгийн эрхэнд гармагцаа цагаачдыг албадан гаргах ажлыг 100 хоногийн хугацаатай зогсоох тогтоол гаргасан юм. Хууль бус цагаачидтай хийх ажлыг түр зогсоосноор төрийн байгууллагууд коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэх аж. Харин эл арга хэмжээ нь терроризм болон тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хүмүүст хамаарахгүй юм. Мөн Байден албан тушаалдаа томилогдсон эхний өдрөө лалын шашинтай зарим орны иргэдэд тавьсан Трампын хоригийг цуцалж, АНУ-ын өмнөд хил дээр хана барих ажлыг зогсоосон билээ.