Италид 10 настай охин TikTok-ийн челленжид оролцсоны улмаас нас барсантай холбогдуулан тус нийгмийн сүлжээг хэсэгчлэн хаах болсон тухай “The Guardian” мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эмгэнэлт хэрэг Италийн Палермо хотод гарчээ. Арван настай Антонелла охиныг угаалгын өрөөнд гартаа утас барьсан, ухаан алдсан байхыг гэрийнхэн нь олжээ. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Амиа алдсан охин нас барахынхаа өмнө амьсгалаа түгждэг аюултай челленж болох "блэкаут тоглоом"-д оролцож байсан гэж охины эгч эцэг эхдээ хэлсэн байна. Эцэг эх нь энэ талаар огт мэдээгүй байжээ. “Бид энэ талаар юу ч мэддэггүй байсан. Охиныгоо энэ челленжид оролцсон гэдгийг бид мэдээгүй. Охин маань TikTok”-д бүжиг өөр хөгжилтэй бичлэг үзэх гэж л ордог гэж бодсон. Ийм аймшигтай зүйл миний толгойд ч орж ирээгүй” гэж талийгаач хүүхдийн аав хэлжээ. TikTok-ийн журмын дагуу сүлжээнд 13-аас дээш насныхан бүртгүүлэх журамтай ч хүүхдүүд төрсөн он сараа хуурамчаар хийн, хялбархан бүртгүүлчих боломжтой аж. ТikTok сүлжээ ашиглагчдын ихэнх нь сурагчид байдгийн дээр тэд нэгнээ аливаа үйлдэл хийхийг уриалан, төрөл бүрийн бичлэг байршуулж байдаг. Зөвхөн ТикТок төдийгүй бусад олон нийтийн сүлжээнүүдэд ч төрөл бүрийн челленж гарч, үүнийг өсвөр насныхан даган дуурайснаар аюултай үр дүнд хүрдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
"Хүүхдүүд нас нь бага тул эрсдэлтэй челленжүүдийн аюулыг төдийлөн ухаардаггүй. Улмаар амь насаа алдах аюултай. Тиймээс энэ төрлийн тоглоомуудыг март. ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнүүдэд анхаар. Эцэг эхчүүд энэ сүлжээнд бүжиг, дуу, зугаатай дүрс бичлэг гэсэн ямар ч аюулгүй зүйлс нийтлэгддэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ олон нийтийн сүлжээнүүд маш аюултай" хэмээн хүүхдийн эмч Лука Бернардо онцолжээ.
Италид 14-өөс доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчаасаа зөвшөрөл авах хуультай байдаг аж. Дээрх эмгэнэлт хэргийн дараа Италид ТикТок сүлжээг хэсэгчлэн хаасан бөгөөд энэ хязгаарлалтыг цуцлуулахын тулд олон нийтийн сүлжээ хоёрдугаар сарын 15 гэхэд Италийн хууль тогтоомжид заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой гэнэ. Хятадын ByteDance компанид харьяалагддаг TikTok сүлжээ өөрийн платформ дээрээс хүүхдийг үхлийн аюултай сорилтыг давтан хийхэд хүргэж болзошгүй контентыг олж илрүүлээгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч энэ талаар хууль сахиулах байгууллагуудад туслахаа амлажээ.