Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зарим талаар өмнөх шигээ байж таарахгүй болсныг цаг үе “хэлж” эхэлсэн. Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэйгээр ажил, бизнесийг хэрхэн явуулах, ажилтан, ажил олгогч нар яаж хамтарч ажиллангаа цугтаа хөгжиж, бүтээмж өндөр, хэн хэн нь сэтгэл хангалуун байхыг хуульчлан зохицуулах шаардлага тулгамдах болов. Гэрээс, алсын зайнаас ажиллах зэрэг шинэ нөхцөл байдалд ажил олгогч нь ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ хэрхэн хийх, аль алиныхаа ашиг сонирхлыг эрхэмлэж хамтран ажиллах хэрэгцээ байгаа нь өдөр тутмын амьдралаас харагдаж байна.
Чухам ийм үед хөдөлмөр эрхлэгчдэд нэн чухал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч хэзээ үргэлжлүүлэх нь тодорхойгүй боллоо. Лав УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд алга.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан аж. 1999 онд баталж, 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан уг хуулийг ийнхүү анхлан шинэчлэн найруулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг зургаа, дэд ажлын баг 30 удаа хуралдаж, УИХ-ын гишүүдээс гаргасан санал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ), Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас бичгээр ирүүлсэн саналыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэжээ.
УИХ-ын чуулганы энэ сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт тусгасан учраас төсөл санаачлагчийн байр суурийг сонсож ярилцах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаанд тус намаас хуулийн төслийг нягталж хэлэлцсэн ч дахин сайтар “харах”, байр сууриа нэгтгэх шаардлагатай тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээс дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Тэгэхэд УИХ-ын дарга маргаантай асуудлуудыг нэг мөр болгож сайтар хэлэлцэн, зөвшилцөлд хүрч байж батлах ёстой, тиймээс хуулийн төслийг зах зээлийн зарчим, Үндсэн хууль болон Иргэний хуулийн агуулга, үзэл санаанд нийцүүлэхэд анхаарч ажиллахыг Байнгын хороо, ажлын хэсэг, намын бүлгүүдэд үүрэг болгосон юм. Байнгын хорооны ажлын хэсгээс уг төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 131, найруулгын шинжтэй таван санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16 санал гаргажээ. АН-аас дахин авсан гурав хоногийн завсарлагын хугацаа өчигдөр дууссан. Гэтэл энэ долоо хоногт уг төслийг УИХ-аар хэлэлцэхгүй нь. Шалтгаан нь талууд зөвшилцөлд хүрээгүй гэх.
УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг яагаад сайтар нягтлах ёстой гэж үзсэн бэ. Ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьсан, амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд тусгасан гэж юуны өмнө дүгнэжээ. Хууль батлагдсанаар ажилтан болон ажил олгогчийн аль нэг тал нь давуу эрх эдэлж, нөгөө талаа хохироох бус, хамтдаа хөгжин, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэх ёстой. Гэтэл уг шинэчилсэн найруулгаас харахад ийм боломж байхгүй гэж үзэв. Улирлын чанартай ажил хийдэг хүмүүсийн гэрээг хугацаагүй байгуулах, ажилгүй, сул зогсох үед ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгоно, бас гэрээс хол, тухайлбал, уул уурхайн салбарт уртын ээлжээр ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулж, мөн тооны өдөр амраах, ажиллагчаас барьцаа хөрөнгө авахыг хориглох, ажлаас халах үед дөрвөн сарын тэтгэмж олгоно гэх зэрэг нэлээд хэдэн заалт нь шинээр бизнес эрхэлж буй, хөл дээрээ зогсоогүй компаниудад хүндрэл үүсгэнэ. Ажилтан, ажил олгогчийн эрхийг тэнцвэртэй байлгах, өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэм, бодит амьдралд зохицуулсан хууль батлах ёстой атал ажил олгогчийг хохироож, ажиллагсдыг халамжилсан шинж чанар бүхий хууль болох нь гэсэн шүүмжлэл ч бий юм билээ. Хуулийн өмнө төрийн ч, хувийн хэвшлийн ч байгууллага, ажил олгогч тэгш эрх, үүрэгтэй байх зарчим алдагдах ёсгүй гэсэн байр суурийг ч тэд мөн илэрхийлсэн юм билээ.
Энэ хуулийн төслийн талаар МҮЭХ ямар байр суурьтай байгааг хүргэе. Хөдөлмөр эрхлэлтийн үндсэн асуудлууд болох цалин хөлс, ажил, амралтын цагийн зохион байгуулалт, ажилласан хугацааны нэмэгдэл хөлс, илүү цагийн, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны хөлс зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үндсэн нөхцөлүүдийг дордуулалгүй хуулийн шинэчлэлд тусгуулсан тухай тус байгууллагын төлөөлөл мэдэгдэв. Үндсэн амралтын хугацаа 20 өдөр байна. Хуучин гэлтгүй, аль ч ажилтанд ажилласан жилээс хамаарахгүйгээр тав таван хоногоор ээлжийн амралтын хугацаа нэмэгдэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, насанд хүрээгүй ажилтны хувьд үндсэн ээлжийн амралтын хугацааг нь 25 хоног байлгахаар төсөлд тусгажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилнэ. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндсэн үзүүлэлтийг үндэслэн мөн хоёр жил тутамд тогтоож явах ёстой гэнэ. Тухайлбал, уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөг. Энэ нь ямар ч мэргэжилгүй ажиллагсдад олгох хамгийн доод цалин гэсэн үг. Үндэсний хэмжээний доод цалин бол 420 мянга. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарын хэлэлцээрээр энэхүү, үндэсний хэмжээнийхийг 1.5 дахин нэмэгдүүлснээр тогтооно гэж хуульчилсан юм байна. Уг зохицуулалтыг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуучнаар нь байлгахаар Үйлдвэрчний эвлэлээс санал оруулахад дэмжигджээ. МҮЭХ-ноос “Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхийн гол үр дүнг Монголын хөдөлмөрчид ирэх 20 жилд ямар хэмжээний хөдөлмөрлөх эрхтэй, ямар түвшний амьжиргаатай байх, ямар хэмжээгээр ажил олгогчтойгоо эрх тэгш түвшинд хөдөлмөрийн асуудлаар гэрээ хэлэлцээр хийдэг байх гэдэг үзүүлэлтээр хэмжинэ” гэж үзжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зах зухаас нь мэдээлэхэд ийм байна. 22 жилийн дараа шинэчлэн найруулж, хэлэлцэн батлахаар товлосон уг хууль гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг хэрхэн хийх, хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгэх тохиолдолд хэрхэх, аж ахуйн нэгж байгууллагад гэр бүл, төрөд садны хүн хамт ажиллах болбол ямар нэгэн зохицуулалт шаардлагатай юу гэх зэрэг маш олон асуултад хариу өгөх аж. Энэх хуулийг дагалдаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Зөрчлийн, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Мэргэжлийн боловсрол, сургалтын, Эвлэрүүлэн зуучлалын, Төрийн албаны гээд олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Жишээлбэл, Зөрчлийн тухай хуульд яагаад өөрчлөлт оруулах болсон бэ. Хүндэтгэх шалтгаантай үед ажил олгогч нь ажилтны ажлын байрыг хамгаалах үүрэгтэйг хуульчилсан бөгөөд зөрчвөл торгоно. Тухайлбал, ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байранд түр хугацаагаар ажилтан авсан бол иргэнийг 150, харин хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Мөн хүүхдийн хөдөлмөр гэдэг сэдэвт онцгойлон анхаарчээ. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр 15 нас хүрээгүй хүүхдийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулж, хөдөлмөр эрхлүүлсэн бол иргэнийг 300, харин хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт оруулсан байна.
Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль бий тул яараад яах вэ. Алгуурлаж хойш тавилгүй, харин ч маш ул суурьтай хандаж, уг хуулийн төслийг батлаасай. Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагуудад зөв, зүйтэй санал байгааг хүлээж авч, хуулийн төслийг нийт ард түмний хөдөлмөрлөх эрх, харилцааг хамгийн боломжит хувилбараар ухаалаг шийдэх эрх зүйн баримт болгоосой.