Дэлхийн эдийн засгийн форумын “Davos agenda” цахим уулзалтад дэлхийн 70 орны бизнесийн салбарын манлайлагчид, улстөрчид, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас манай гарагт 2.13 сая хүн нас барж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан үед болж буй тус уулзалт энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Уулзалтыг БНХАУ-ын дарга Си Зиньпин нээж үг хэлэхдээ олон талт харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ. Олон улсын эл уулзалтын үеэр дэлхий нийтэд тулгамдсан сорилтууд, тэдгээрийг хэрхэн даван туулах асуудлыг хэлэлцэх юм. Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн өсөлтийг сэргээх талаарх хэлэлцүүлэгт Германы Эдийн засгийн сайд Питер Альтмайер, Францын эдийн засгийн сайд Бруно Ле Мэр, Европын Төвбанкны тэргүүн Кристин Лагард, Германы “Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал Херберт Дисс нар оролцоно.
Мөн “Ковид-19” өвчний улмаас үүссэн хямралын эсрэг авах арга хэмжээнүүдийг хэлэлцэхэд Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ. Жил бүрийн нэгдүгээр сард болдог Давосын дээд хэмжээний уулзалтыг энэ онд тавдугаар сард Сингапурт зохион байгуулахаар хойшлуулсан юм. Цар тахлын улмаас хоёр сая гаруй хүн нас барж, сүүлийн 100 жилд тохиогоогүй эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш форумын үеэр мэдэгдлээ. Энэ онд дэлхий даяар цар тахлаас үүдэлтэй эмзэг байдлаас тогтвортой байдалд шилжих онцгой боломж бий гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй гэв. Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэх нь бидний нэг чиг байх ёстойг НҮБ-ын тэргүүн тэмдэглэхийн сацуу нийгмийн, олон улсын шинэ гэрээ байгуулах санаачилга дэвшүүлснээ сануулжээ. Эдгээр гэрээ нь нийтийн эрх, эрх чөлөөг хангах замаар бүх хүнд тэгш боломж олгох зорилготой юм.
НҮБ-ын “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв”-ийн тайланд дурдсанаас үзвэл 2020 онд манай гаргийн эдийн засаг 4.3 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хямралын үеийн үзүүлэлтээс 2.5 дахин их аж. Нөгөөтээгүүр манай гараг эдийн засгийн хоёр том гүрэн болох Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүйг А.Гутерриш анхааруулав. “Дэлхий дахин хоёр том эдийн засагтай, ноёрхогч валюттай, худалдааны бие даасан дүрэмтэй, интернэт, геополитик, цэргийн стратегитай Хятад, АНУ тэргүүлсэн хоёр хэсэгт хуваагдаж болзошгүйд сэтгэл түгшиж байна” хэмээн тэрбээр хэлэв. Үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг А.Гутерриш уриалжээ.