БНХАУ-ын Ухань хотод SARS-CoV-2 коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн эрх баригчдын хоригийг үл харгалзан тус улсад ирээд буй ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж 2020 онд яг юу болсон тухай үнэнийг хэлэхийг хүсжээ. Энэ тухай Associated Press мэдээлэв. “ДЭМБ-ын мэргэжилтнүүд худал хуурмагийг түгээх хэрэгсэл болохгүй гэдэгт найдаж байна. (...) Бид уйгагүйгээр үнэнийг олж мэдсээр байна. Энэ бол гэмт хэрэг байсан. Тиймээс ДЭМБ эл гэмт хэргийг бүү нуун дарагдуулаасай гэж бид хүсэж байна " хэмээн Жэн Хай хэлжээ. Түүний эцэг өнгөрсөн хоёрдугаар сард Ухань хотод COVID-19 өвчнөөр нас баржээ. Жэн Хайгийн хэлснээр тус улсын эрх баригчид цар тахлын эхэн үед вирусийн тухай болон түүнээс үүдэлтэй нас баралтыг нуун дарагдуулж байсан бөгөөд одоо энэ бүхнийг илчлэх гэсэн хүмүүст дарамт үзүүлж байгаа аж. Жэн Хай болон бусад идэвхтнүүдийг гадаадын хэвлэлүүдтэй харилцсаных нь төлөө удаа дараа байцааж, ажлаас нь хална гэж сүрдүүлсэн байна. ДЭМБ-ын шинжээчид коронавирусийн гарал үүслийг судлахаар Хятадад энэ сарын 14-нд ирсэн бөгөөд энэ үеэр эрх баригчид идэвхтнүүдийн харилцдаг чатыг устгажээ. "Биднийг байхгүй гэж, төр засгаас хариу нэхэхгүй гэсэн хуурамч дүр эсгэх хэрэггүй. Та нар бидний үгээ хэлэх бүх боломжийг хааж устгаж байгаа ч бид бууж өгөхгүй" гэж Хай коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийг төлөөлөн Хятадын төр засагт хандан хэлжээ.