Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс оронд үүсээд буй улс төрийн хямралын улмаас огцорчээ. Энэ тухай Rai News 24 телевизийн суваг мэдээлэв.Конте огцрох шийдвэрээ 1-р сарын 26-нд болсон Сайд нарын Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Үүнийхээ дараа тэрээр Ерөнхийлөгч Сержио Маттареллад огцрох өргөдлөө өгөхөөр Киринал ордныг зорьжээ. Тус сувгийн мэдээлснээр ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёрын уулзалт хагас цаг орчим үргэлжилсэн байна.
Италид эрх баригч эвслийн засгийн газраас нэг нам гарсны дараа улс төрийн хямрал үүссэн юм. Тус улсын Ерөнхий сайд асан, "Амьд Итали" намын удирдагч Маттео Рензи эвслийн Засгийн газраас намынхаа хоёр сайд гарсныг мэдэгдсэнээр одоогийн Ерөнхий сайд Жузеппе Конте Сенатад олонхийн байдлаа алджээ. Ренци, Конте нарын харилцаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэхүйц хурцадмал байдалд оржээ. Европын холбооны эдийн засгийг сэргээх сангаас Итали улсад хуваарилсан хөрөнгийг зарцуулах засгийн газрын төлөвлөгөөг экс Ерөнхий сайд хатуу шүүмжилсэн аж.