Кувейт дэх БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан Рю Хен У гэр бүлийн хамт Өмнөд Солонгос руу дүрвэсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Үүнээс өмнө Умард Солонгосын дипломатч Чо Сон Гиль Италиас зугтаж байв.
2019 оны есдүгээр сард Рю Хен У БНСУ руу цагаачилж болох байсан тухай хэвлэлүүдэд бичсэнийг тус агентлаг уламжилжээ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг БНАСАУ-ын удирдагчдын нууц сан гэгчийг хариуцдаг, Хөдөлмөрийн намын Төв хорооны 39 дүгээр товчооны тэргүүн асны хүргэн хэмээсэн аж. Мөн дипломатчийг хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө БНАСАУ-аас явсан гэж мэдээллийн хэрэгслүүд бичсэн гэнэ.
Итали дахь Умард Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Чо Сон Гиль 2018 оны арваннэгдүгээр сард гэргийн хамт зугтаж, 2019 онд Өмнөд Солонгост нууцаар очсон юм. Энэ нь Элчин сайдын түвшний дипломатч БНАСАУ-аас дүрвэсэн анхны тохиолдлоор түүхэнд тэмдэглэгджээ. Чо болон түүний гэргий дипломатчдын удам бөгөөд тэднийг сураггүй болоход Европт үлдсэн, эсвэл АНУ руу гарсан хэмээн таамаглаж байсан билээ. Гэтэл тэрбээр гуравдагч орон дахь БНСУ-ын ЭСЯ-нд очоод, Өмнөд Солонгост хүргэхийг хүссэн тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлж байв.
Цар тахлын үед хил хаалттай байгаагийн улмаас Умард Солонгосоос БНСУ руу дүрвэгсдийн тоо эрс цөөрчээ. Өнгөрсөн онд тус хоёр улсын хилийг хууль бусаар 229 хүн давсан аж. Энэ нь 1047 хүн дүрвэсэн 2019 оны үзүүлэлтээс үлэмж бага тоо гэдгийг БНСУ-ын Нэгдлийн яамнаас мэдээлсэн юм. Гэхдээ 2019 оныхыг 2001 оноос хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцдог. Түүхэнд хамгийн олон буюу 2914 хүн 2009 онд дүрвэж байжээ. Умард Солонгосоос дүрвэгсэд ажилхийхээр Тайланд, Вьетнам, Хятад зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудыг зориод, тэндээсээ Өмнөд Солонгос руу гардаг гэнэ.