Английн “Манчестер сити” багийн дасгалжуулагч П.Гвардьола энэ сарын 18-нд 50 нас хүрлээ. Түүний талаарх зарим мэдээллийг хүргэе.
ТОМ БАГУУДЫН БОСС
“Барселона Б” багаас ялгуусан амжилтаар эхэлсэн дасгалжуулагчийн замналынхаа үед авсан цомуудыг нь тоолоход Пеп Гвардьола ямар агуу мэргэжилтэн болохыг мэдэж болно. Тэрхүү баг “тики-така”-гаар бүхнийг гайхуулсаар Пепийг ажилласан эхний жилд дээд ангилалд дэвшсэн юм. Гэхдээ өө хайгч зарим нь “Барселона Б” багийг урьд жил нь дөрөвдүгээр дивизионд унаад байсан, угаас тус лигт түрүүлэх нь тодорхой байсан гэж тайлбар хэлж магадгүй.
Түүнээс хойш П.Гвардьолагийн мэдэлд хамгийн шилдгүүд байсаар иржээ. “Барселона”-гийн Л.Месси, Хави, А.Иньеста нар. Герман хэмжүүрээр авч үзвэл хязгааргүй нөөц боломжтой “Байерн” (Мюнхен). Ямар ч хүслийг шидтэн мэт биелүүлж чадах “Манчестер сити”-гийн шейхүүд. Даруухан “Порту”-г “Аваргуудын лиг”-ийн аварга болгосон Ж.Моуриньо шиг гайхамшгийг Пеп бүтээгээгүй. “Ливерпуль”-ийг дахин босгосон Ю.Клопп шиг алхам алхмаар тэр амжилтад хүрээгүй.
Тэрбээр өөрийгөө дэлхийн шилдэг дасгалжуулагч гэж огт үздэггүй талаараа ярьж байв. “Зургаан цом дараалж хүртсэн хэдий ч би шилдэг нь биш. Надад итгэмээргүй сайн тоглогчид, том баг бий учраас би ялдаг юм.
Ийм тоглогчид, тийм баггүй өөр олон мундаг дасгалжуулагч бий. Надад “Манчестер сити”-гээс өөр баг өгөөд үзээрэй, тэгвэл би ингэж олон ялахгүй” хэмээн испани мэргэжилтэн ярьж байв. Гэвч П.Гвардьола амьдралд нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн Й.Кройф шиг хөлбөмбөгийг өөрчилж чадсан юм. Тэрбээр тоглогчдоо шинээр “төрүүлж”, олон талын, шилдэг тоглолттой болгож байв. Чухам тэр л Ф.Ламыг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч, Л.Мессиг “хуурамч ес” болгож, “Байерн”, “Сити”-г өндөр ур чадвартай баг болгож хувиргасан.
МЭДЛЭГ БОЛ ХҮЧ
П.Гвардьолагийн нэг онцгой чанар бол өмнөх асуудлаа уг үндсээр нь шийдвэрлэх чин хүсэл эрмэлзэл нь юм. Тэрбээр “Барселона”-г орхиод хэсэг хугацаанд АНУ-д амрахдаа шинэ орчин нөхцөлд ирснээ үр дүнтэй ашиглаж англи хэл сурсан. Харин “Байерн”-ыг дасгалжуулах үүрэг хүлээснийхээ дараа Мюнхенд болсон эхний хэвлэлийн бага хуралд сэтгүүлчдийн асуултад германаар хариулж байв.
Спортын бусад төрлийн тамирчин, мэргэжилтнүүдээс суралцах нь Пепийн өөр нэг содон чанар мөн. Тэрбээр Англид ирээд рагбины шигшээ багийн дасгалжуулагч Э.Жонстой ярилцаж, Италид тоглож байхдаа волейболын дасгалжуулагч, аргентин мэргэжилтэн Х.Веласкотой уулзаж байлаа. Тэднээс Пепийн хувьд хамгийн дотно хүн нь усны пологийн Марадона хэмээгдэж байсан М.Эстиарте юм. 1990-1991 оны Испанийн аварга шалгаруулах тэмцээний алтан тоглолтын дараа П.Гвардьолатай танилцсан М.Эстиартег энд онцлон дурдах ёстой. Тэдний нөхөрлөл Барселонагийн олимпын наадмын үеэр улам гүнзгийрч, Пеп дасгалжуулагчийн албанд ирээд М.Эстиартег “Барса”-д урьж ажиллуулсан. Тэрбээр эхэндээ багийн гадаад харилцаа болон удирдлагатай холбоо барих гол хүн байсан бол хожим “Байерн”, “Сити” багт Пепийн хамгийн чухал туслахын нэг болсон юм.
“ГЭРИЙН ХҮН”
Агуу амжилтад хүрсэн эр хүн бүрийн ард мундаг эмэгтэй бий гэдэг. П.Гвардьолагийн эхнэрийг Кристина Серра гэдэг. Испанийн нэгэн дизайнерын брэнд бүтээгдэхүүний зургийг авч байсан дэлгүүрт 18 настай Пеп орж ирснээр тэд анх танилцаж байжээ. Кристина тухайн үед дэлгүүрт кассчин хийж байсан бол өдгөө эгчийнхээ хамт хувцасны хоёр дэлгүүр ажиллуулдаг.
П.Гвардьола дэгжин хувцасладаг нь эхнэрийнх нь гавьяа юм. Тэрбээр нэгэнтээ Т.Харди, Б.Купер нарын хамтаар хамгийн дэгжин хувцасладаг дэлхийн шилдэг 10 эрэгтэйн нэгээр тодорч байв. Кристина хэвлэлийнхэнд ярилцлага бараг өгдөггүй, олны нүдэнд ил гарах дургүй нэгэн. Харин Пеп маш их ачаалалтай ажлын дараа зөвхөн гэртээ л амарч чаддаг гэж ярих дуртай. Хорин жил хамтдаа амьдарсны эцэст хийсэн хурим нь хүртэл нууц болж байв. Хуримд нь гурван хүүхэд, эцэг, эх нь гээд 10 орчим хүн уригдсан гэдэг.
АЖЛЫН АРГА БАРИЛ
Ажлын хэнээтэй гэж болох П.Гвардьола шөнө дунд ч туслах дасгалжуулагч нар луугаа утасддаг. Чухам ийм учраас л тэрбээр М.Бьелсатай уулзаж ярилцахын тулд Аргентин руу 11 цаг нисэж байлаа. Тэрбээр ялах мянган арга бий гэж үздэг ч түүнд хүрэх нэг арга барилд бүрэн итгэж чадсан тохиолдолд л амжилт ирнэ гэж үздэг. Ингээд л тэрбээр бөмбөгийг илүүтэй эзэмшиж тоглох ёстой гэсэн философио “бий болгож”, түүндээ өдгөө хүртэл үнэнч явна. Чухам түүн шиг өөрийн арга барил, замыг бий болгосон дасгалжуулагч хөлбөмбөгийн ертөнцийг чимдэг билээ.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар