ОХУ-ын нийслэл Москвад өнгөрсөн бямба гарагт зөвшөөрөлгүй болсон, сөрөг хүчний улстөрч А.Навальныйг суллахыг шаардсан жагсаалын үеэр түүний эхнэр Юлияг саатуулжээ. Тэрбээр энэ тухай инстаграм хуудсандаа бичсэн аж.
Тус улс даяар болсон жагсаал цуглааны үеэр 3015 хүн баривчилсан тухай улс төрийн мөрдлөгтэй тэмцэгчдийн төрийн бус “ОВД-инфо” байгууллагаас мэдээлжээ. Тэдний 1100 гаруйг Москва, 400 орчмыг Санкт-Петербургээс баривчилсан байна. Энэ нь Оросын орчин үеийн түүхэнд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүн баривчилсан явдал болжээ. Үүнээс өмнө 2017 оны зургадугаар сарын 12-нд 1769 хүн баривчилсан нь хамгийн олонд тооцогддог байв. Эсэргүүцлийн цуглаан ОХУ-аас гадна Нидерландын Гааг, Амстердам, Германы Берлин хотод болжээ.
Цар тахлын хөл хорионы дэглэмээ баримталж, хууль бус жагсаал, цуглаанаас хол байхыг Оросын эрх баригчид иргэддээ анхааруулсан ч эсэргүүцлийн ажиллагаанд 110-160 мянган хүн оролцсоныг тус улсын “МБХ-медиа” уламжиллаа. Алексей Навальныйгийн 2011 онд байгуулсан, төрийн бус “Авлигатай тэмцэх сан” байгууллага эсэргүүцлийн ажиллагаагаа
үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Түүнийг энэ сарын 17-нд Германаас эх орондоо ирэхэд нь баривчилсан билээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр “Новичок” гэх бодист хордож, Германд эмчилгээ хийлгэсэн юм. Химки хот дахь Оросын Дотоод хэргийн албаны байранд болсон шүүх хурлын үеэр түүнийг 30 хоног хорих шийдвэр гаргасан билээ.