Европыг зорьж явсан хууль бус 43 цагаач Газар дундын тэнгист амь эрсэдсэн тухай “Re¬uters” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Баруун Африкийн орнуудын цагаачдын суусан завь Ливийн эргийн ойролцоо хөмөрсөн аж. Тэдний 10-ыг эргийн хамгаалалтынхан аварчээ. Дотоод улс төрийн байдал нь маш тогтворгүй байгаа Ливи улс нь Европын орнуудыг зорьсон Африкийн дүрвэгсдийн дамжин өнгөрөх гол цэг хэвээр байна. Ливийн Хүний эрхийн үндэсний хорооны мэдээллээс үзвэл өнгөрсөн онд тус улсын эргээс хууль бус 11 891 цагаачийг аварсан бол 300 гаруй дүрвэгч амиа алджээ. Амь эрсэдсэн дүрвэгсдийн бодит тоо үүнээс хамаагүй олон байж болохыг тус хорооныхон үгүйсгээгүй байна.