АНУ-ын 28 иргэн, тэдний дотор Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеод хориг арга хэмжээ авснаа Хятадын ГХЯ-наас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэднийг Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, тус улстай холбоотой асуудлаарх АНУ-ын хийсэн ийм алхмуудыг хариуцсан гэж үзжээ.
Жагсаалтад Цагаан ордны дэргэдэх Худалдааны үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О’Брайен, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт, Эрүүл мэндийн сайд асан Алекс Азар, Ерөнхийлөгч асан Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон нар орсон байна. Энэ хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүдэд, тэдэнтэй холбоотой компани, байгууллагуудад эх газрын Хятад болон Хонконг, Макаод нэвтрэх, мөн Хятадад бизнес эрхлэхийг хоригложээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгуруудын эсрэг явуулж буй Хятадын үйл ажиллагааг үй олноор хөнөөхөд чиглэсэн, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг хэмээн мягмар гарагт мэдэгдсэн юм. Эл мэдэгдлийг дэмжиж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн Энтони Блинкен илэрхийлсэн байна.