АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам үйл ажиллагааныхаа бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тодорхой ангиллын цагаачдыг АНУ-аас албадан гаргах ажлыг 100 хоногоор зогсоож буйгаа Лхагва гарагт /2020.01.20/ мэдэгджээ. "Дотоодын аюулгүй байдлын яам үндэсний аюулгүй байдал, хилийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад голчлон чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоог шударга, үр дүнтэй болгох зорилгоор зарим ангиллын цагаачдыг албадан гаргах хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн 100 хоногоор түр зогсоож байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү арга хэмжээ нь Дотоодын Аюулгүй байдлын яам одоо байгаа асуудлууд, түүний дотор АНУ-ын баруун өмнөд хил дээр шийдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлэх боломжийг олгоно гэж тэмдэглэжээ. Өмнө нь тус яам “Цагаачдыг хамгаалах протокол” нэртэй хөтөлбөр хэрэгжиж дууссаныг зарласан юм. Эл хөтөлбөрийн хүрээнд Мексикт хэдэн арван мянган цагаачид АНУ-ын дүрвэгсдийн статус олгох шүүх хуралдааныг хэдэн сараар хүлээдэг байв. Хөтөлбөрийг АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп санаачилжээ. Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр цагаачдыг албадан гаргахыг зогсооно гэж амлаж байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч болсон анхны өдрөө цагаачлалын тухай хууль тогтоомжийг зөөлрүүлсэн зарлигт гарын үсэг зурж, өмнөд хил буюу Мексиктэй залгаа хил дээр хана барих ажлыг зогсоожээ.