Итали улс коронавирусийн эсрэг вакцины хангамж удааширсантай холбогдуулан АНУ-ын эмийн үйлдвэрлэгч Pfizer компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Энэ тухай Италийн Бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Франческо Боксиа мэдэгдснийг “Rai News 24” телевизийн дамжуулав. "Европын гэрээний хүрээнд бид ил тод байдлыг болон манай улсад хүндэтгэлтэй хандахыг шаардаж байна" гэж Боксиа хэлжээ. Вакцины нийлүүлэлтийг урьдчилан анхааруулалгүйгээр бууруулах нь зүйд нийцэхгүй гэж сайд онцолсон байна. SARS-CoV-2 коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчдийн нэг Америкийн “Pfizer” эмийн үйлдвэр нь үйлдвэрлэлийг шинэчлэл хийж байгаа тул Европын орнуудад вакцины нийлүүлэлтийг бууруулна гэдгээ өмнө нь мэдээлж байсан. Тус үйлдвэр одоо жилд 1.3 тэрбум тун вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд үүнийгээ 2 тэрбум болгон өсгөхөөр төлөвлөж байгаа аж. Урьдчилсан мэдээллээр нөхцөл байдал ирэх хоёрдугаар сард өөрчлөгдөх юм байна. Мөн Дани, Латви, Литва, Финлянд, Швед, Эстони улсууд Европын Комиссод хандан Pfizer, BioNTech компанийн вакцины нийлүүлэлт багассанд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд ЕХ-ны гүйцэтгэх захирлыг эмийн хангамжийн тогтвортой ил тод байдлыг хангахын тулд дээрх компаниудад шахалт үзүүлэхийг уриалсан байна.