АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол өчигдөр буюу Лхагва гарагт /2020.01.20/ Капитолийн ордны индэр дээр болов. "Жозеф Робинетт Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэж, Үндсэн хуулийг хамгаалан сахихдаа бүх хүч чадлаа дайчилна гэдгээ тангараглаж байна. Бурхан намайг ивээх болтугай" гэж тэрбээр тангаргийн уламжлалт үгийг гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдаж ирсэн Библи дээр зүүн гараа тавин хэлэв. Ардчилсан намын гишүүн, Дэд Ерөнхийлөгч асан, 36 жилийн туршлагатай Конгрессын гишүүн тэрбээр 78 настайдаа Цагаан ордны зууван өрөөнд гурав дахь оролдлогоороо сууж, тус улсын түүхэнд хамгийн өндөр настай төрийн тэргүүн гэж бичигдэх болов. Байденыг тангараг өргөхөөс хэдхэн хормын өмнө АНУ-ын дэд Ерөнхийлөгч 56 настай Камала Харрис Үндсэн хууль, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан юм. Тэрбээр анхны эмэгтэй бөгөөд өнгөт арьст, Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаагаараа мөн л АНУ-ын түүхэнд бичигдэх аж. Шинэ төрийн тэргүүн тангараг өргөх өдрөө итгэл найдвар, шинэчлэлийн түүхэн өдөр гээд америкчуудыг бие биенээ сонсож, хүндэтгэж эхлэхийг уриалав. "Бид бие биенээ дайсан шиг биш, харин хөршүүд шигээ харж, бие биендээ хүндэтгэлтэй хандаж чадна. Бид өөд өөдөөсөө хашхирахаа больж, хурцадмал байдлаа бууруулж, хүчээ нэгтгэж чадна. Эв нэгдэлгүйгээр энх тайван оршиж чадахгүй" гэж АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч хэлжээ. Жо Байден АНУ-д хэт даврагч үзэл, дотоодын терроризмыг устгахаа мэдэгдэв. "Улс төрийн хэт туйлшрал, цагаан арьстны давамгайлал, дотоодын терроризмын эсрэг бид тууштай зогсох хэрэгтэй. Тэгвэл бид ялна" гэж тэрбээр хэлсэн байна. Мөн АНУ-ын шинэ төрийн тэргүүн хэлсэн үгэндээ бүх Америкчуудын ерөнхийлөгч байж, тэр дундаа өөрийг нь дэмжээгүй хүмүүсийн төлөө ч зүтгэхээ амлажээ. Байден АНУ-ын Ерөнхийлөгч болоод анхны үйлдэл нь коронавирусийн улмаас нас барсан 400,000 америкчуудын дурсгалд зориулж нэг минут чимээгүй зогсов.
Тангараг өргөх ёслолд тус улсын экс ерөнхийлөгчид Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, мөн дэд ерөнхийлөгч асан Майкл Пенс, АНУ-ын Дээд шүүхийн шүүгч нар оролцов. Харин халаагаа дуртай дургүй хүлээлгэн өгсөн Доналд Трамп уламжлалыг зөрчин, уг арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ удаагийн тангараг өргөх ёслол дээд зэргийн өндөр хамгаалалт дор болов. Хамгаалалтад 25 мянга орчим дотоодын цэрэг буюу Үндэсний Гвардийн цэргийг дайчилсан бөгөөд цэргүүдийн дотроос халдлага гарч магадгүй гэж үзсэн учраас ёслолын ажиллагаанаас өмнө цэргүүдийг нэг бүрчлэн Холбооны мөрдөх товчооноос шалгасан байна. Түүнчлэн цар тахлын улмаас энэхүү ёслолын ажиллагааг урьд өмнөхөөс илүү цомхон хүрээнд хоорондын зайг барин зохион байгуулжээ.
Тангараг өргөх ёслол дээр Америкийн төрийн дууг Леди Гага дуулжээ.
Ёслолд дуучин Жениффер Лопес оролцов.
Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Ерөнхийлөгч Доналд Трампыг Цагаан ордныг орхиход гаргаж өгөлгүй шинэ төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд оролцжээ.
Ёслолын зочид хоорондын зайг барьж байв