Дайсан орон хэмээн үздэг ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ-аас төрийн байгууллагууд нь нисгэгчгүй төхөөрөмж худалдан авахыг хязгаарласан зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсныг Цагаан ордноос мэдэгдэв. “Байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэхэд хууль сахиулах байгууллагынхан тийм төхөөрөмж ашигладаг. Манай дайснуудын бүтээсэн төхөөрөмжүүдийг ашиглах нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлнэ. АНУ-ын Засгийн газар нисгэгчгүй аппаратыг нууц мэдээлэл цуглуулах, хадгалахад ашигладаг. Эрсдэл үүсгэх төхөөрөмж авахад татвар төлөгчдийн мөнгийг ашиглахаас сэргийлэхэд АНУ-ын бодлого оршино. Үүний оронд дотооддоо үйлдвэрлэсэн төхөөрөмж ашиглахыг хөхиүлэн дэмжихэд уг бодлого чиглэдэг” гэж мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу цар тахалтай холбогдуулан тогтоосон Шенгений бүсийн орнууд, Британи, Ирланд, Бразилаас АНУ-д нэвтрэхийг хязгаарласан шийдвэрээ Америкийн одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп цуцалсан байна. Хязгаарлах шийдвэр энэ сарын 26-ны үд дундаас үйлчлэхгүй гэнэ. АНУ-ын хилээр нэвтрэхдээ гадаадын бүх иргэн коронавирусийн шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх журам хэрэгжиж эхэлсний дараа өмнөх хязгаарлах арга хэмжээнүүд хүчингүй болох аж.
Ташрамд дурдахад, АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп ард түмэндээ хандаж үг хэлжээ. Тэрбээр твиттер хуудсандаа байршуулсан дүрс бичлэгт сүүлийн дөрвөн жил мартагдахын аргагүй байсныг хэлээд, хийсэн ажлаа амьдралынх нь хамгийн том бахархал хэмээв. Мелания америкчуудыг хүчирхийллээс хэзээд татгалзахыг уриалжээ. Хүчээр юу ч шийдэгдэхгүй, зөвтгөл ч байхгүйг онцолсон байна. Тэрбээр Цагаан ордны орон сууцын хэсгийг дараагийн тэргүүн хатагтайд шилжүүлэх уламжлалыг гүйцэтгэхгүй байхаар шийджээ. Уг нь тэргүүн хатагтай халааг нь авах хүнээ цэцэрлэгт хүрээлэн, өргөөний орон сууцын жигүүрт урьж, хамт зугаалаад, дараа нь хамт цай уудаг юм. Түүний нөхөр Дональд Трамп ч мөн 150 жилийн уламжлалыг зөрчиж, өнөөдөр болох Жозеф Байдены тангараг өргөх ёслолд оролцох бодолгүй байна.