АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс төрийн шинэ нам байгуулах талаар сүүлийн өдрүүдэд ярилцлаа гэж “Wall Street Journal” сонин эх сурвалжийг дурдан мэдээлэв. Шинэ нам байгуулах тухайгаа Трамп өөрийн туслахууд болон бусад ойр дотнын хүмүүстэйгээ хэлэлцэж байгаа бөгөөд шинэ намаа "Эх орончдын нам" гэж нэрлэх хүсэлтэй байгаа аж. Улс төрийн Шинэ нам байгуулахад томоохон хөрөнгө оруулалт шаардагдана гэж тус сонин тэмдэглэжээ. Трамп олон тооны дэмжигчидтэй бөгөөд тэдний зарим нь түүнийг засгийн эрхэнд гарахаас өмнө Бүгд найрамдах нам болон намын бодлогод оролцдоггүй байжээ. Бүгд найрамдах намын зарим удирдагчидтай Трампын харилцаа сүүлийн үед илт хурцдаад байгаа аж. Тухайлбал Сенат дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Митч МакКоннелл ерөнхийлөгчийг нэгдүгээр сарын 6-нд Капитолийн ордон руу дайрсан хүмүүсийг өдөөн хатгасан гэж буруутгасан юм.