Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Британид анхны айлчлалаа хийж магадгүй тухай “Daily telegraph” сонинд бичжээ. Цар тахал дэгдсэн, АНУ-ын дотоод бодлогод анхаарах шаардлагын улмаас тэрбээр ойрын хугацаандаа хилийн чанадад айлчлах бодолгүй байна. Харин ирэх зургадугаар сард болох “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тэрбээр Британийн Карбис-Бэй хотод Төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа хийж магадгүй гэнэ.
Британид анхны айлчлалаа хийвэл тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд томоохон амжилт болох юм. Учир нь тус улс Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаар АНУ, Британийн харилцаа суларна гэж шинжээчид үздэг. Ирланд гаралтай Ж.Байден брекситийг эсэргүүцдэг бөгөөд үүнийг 1998 онд байгуулсан Белфастын хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байсан юм.