Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг Ням гарагт /2020.01.17/ Германаас эх орондоо ирэхэд нь Шереметьево олон улсын нисэх буудлын хилийн шалган дээрээс баривчилжээ. Улстөрчийн зорчиж байсан “Победа” иргэний агаарын нисэх компанийн онгоц анхлан Внуково буудалд буух ёстой байсан ч хэдэн зуун дэмжигчид Навальныйг хүлээж байсан тул онгоцыг газардахаас хэдхэн минутын өмнө Шереметьевод буулгахаар болжээ. Цагдаа нар түүнийг ОХУ-ын Шийтгэлийг гүйцэтгэх газрын (ШГГ) шийдвэрээр эрэн сурвалжилж байгааг мэдэгдээд хилийн шалган дээрээс баривчилсан байна. Навальныйг “Ив Роше” компанитай холбоотой хэрэгтэй тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн тул эл хэргийг хэлэлцэх дараагийн шүүх хурал болтол цагдан хорих болсныг Холбооны Шийтгэлийн гүйцэтгэх газар мэдэгджээ. “Навальный “Ив Роше” компанитай холбоотой хэрэгт тэнсэн харгалзах ялтай бөгөөд 2020 оны туршид сар бүрийн тодорхой өдрүүдэд эрүүгийн гүйцэтгэх газарт бүртгүүлэх ёстой байсан ч хоёр, гурав, долоо, наймдугаар саруудад бүртгүүлээгүй нь түүний тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих үндэслэл болж болзошгүйг ноён Навальный өөрөө мэдэж байсан” гэж тус албаны мэдэгдэлд дурджээ.. Алексей Навальный нь өнгөрсөн оны наймдугаар сард хордож Томск хотоос Москва руу буцах замдаа нисэх онгоцонд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Наймдугаар сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд тус улсын эмч нар түүнийг хордуулсан гэж үзсэн билээ.