Улирлын үнэ цэнтэй тоглогч (2018), “Бүх оддын тоглолт”-од найман удаа оролцсон, улирлын мэргэн буучаар гурван удаа тодорч байсан Ж.Харден өнгөрсөн долоо хоногт есөн жил хүчин зүтгэсэн “Хьюстон рокитс” багаа орхиж, К.Дюрант, К.Ирвинг тэргүүтэй “Бруклин нетс”-т ирсэн нь өнгөрсөн долоо хоногийн спортын ертөнцийн нэгэн онцлох үйл явдал болов. “Бруклин нетс”-ийн шинэ тоглогчийн анхны хэвлэлийн бага хурлын онцлох эшлэлүүдээс сонирхуулья.
“Хьюстон рокитс”-ээс явсан болоод хуучин хамтрагчдын талаар:
-Нөхцөл байдал тиймэрхүү байдлаар өрнөсөнд харамсаж байна. Гэхдээ эцэстээ хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлдсэн болов уу. “Хьюстон рокитс”-ийн тоглогчдод, багт шинээр ирсэн залууст би хүндэтгэлгүй хандаагүй. Би энэ багт олон жил тоглосон. Даанч манай баг аваргын төлөө өрсөлдөхөөр сайн биш байлаа.
К.Дюрант, К.Ирвингтэй хамт тоглох талаар:
- Дасан зохицоход их хугацаа орж магадгүй, үгүй ч байж мэднэ. Бид их ухаалаг мөн тун хариуцлагатай тоглогч гэж бодож байна. Бидэнд ирж буй дарамт, сорилтыг мэдэж байгаа. Хамгийн гол нь дасгалжуулагч нар биднийг зөв байрлалд тавьж, бид харин талбай дээр гар нийлж тоглох ёстой. Мөн илүү үр ашигтай тоглох аргыг олж, бие биедээ туслах хэрэгтэй.
“Бруклин нетс” багт ямар давуу тал авчрах талаар:
-Элит тоглогч, элит багийн хамтрагч, талбай дээрх элит лидер мөн аль болох олон ялахын тулд бүхнийг хийхэд бэлэн жирийн залуу бол би.
Плеймэйкерийн ур чадварын талаар:
-Дэлхий даяараа мэдэх хоёр элит шидэгч манайд бий. Миний үүрэг бол шаардлагатай үед шидэх, үүнээс гадна шидэгч нартаа оноо авах боломж гаргаж өгөх, төвийн тоглогч нартаа самбарын доор оноо авах, улмаар довтолгоог үр дүнтэй болгох юм. Миний тоглолтын энэ арга барил “Бруклин нетс”-ийн довтолгоонд хэрэг болох биз ээ. Багийн андууддаа тусалж байгаа л бол оноо надад тийм ч чухал биш. Намайг олон оноо авч чадна гэдгийг бүгд мэднэ шүү дээ.
“Бруклин нетс” багт аваргалах боломжийн талаар:
-Энд ирсэн маань аваргын цомыг баталгаатай болгохгүй. Миний хувьд өөртөө аваргалах боломж бий болгох нь маш чухал байсан. Залуудаа би мөнгө олж, гэр бүлдээ анхаарал хандуулахаа хамгийн эхэнд тавьдаг байлаа. Харин одоо энэ лигт хүрч чадаагүй амжилтдаа анхаарах тийм цаг үед ирээд байна.
“Бруклин нетс” энэ улиралд аваргалж чадах, эсэх талаар;
-Ямар ч багт Кевин Дюрант, Кайри Ирвинг байгаа бол мэдээжийн хэрэг шүү дээ. Тэднээс гадна Деандре Жордан, Жефф Грийн, Жо Харрис, Лэндри Шэмет нар бий. Энэ нэрсийг харахад ямар л бол ямар хэв маягийн сагсан бөмбөг тоглож болох нь байна. Үүн дээр сагсан бөмбөгийг дээд зэргээр ойлгодог дасгалжуулагчийн багийг нэмэх хэрэгтэй. Энэ бүхнийг авч үзэх юм бол та бүхэн манай багаас аваргалах маш их боломжийг олж харах болов уу.
Ж.Харден өнгөрсөн ням гарагт болсон “Орландо”-гийн эсрэг тоглолтод “Бруклин нетс”-ийн төлөөх анхны тоглолтдоо оролцов. Тэрбээр шинэ багтаа тун хурдан идээших боломжтой гэдгээ харуулж, 32 оноо, 14 дамжуулалт, 12 самбар нэр дээрээ бүртгүүлжээ. Ийнхүү тэрбээр шинэ багийн төлөө анхны тоглолтдоо 30-аас дээш оноотой трипл-дабл хийсэн NBA-ийн түүхэн дэх анхны тоглогч болсон байна. Харин түүний багийн хамтрагч К.Дюрант 42 оноо авчээ.
Бэлтгэсэн: Н.Энх