АНУ-ын нийслэл Вашингтонд Үндэсний гвардын 9500 орчим цэргийг нэмж байрлуулжээ. 46 муж улс, гурван нутаг дэвсгэр, Колумб тойргоос ирсэн тэд энэ сарын 20-нд болох, Жозеф Байдены тангараг өргөх ёслолын үеийн аюулгүй байдлыг хангах аж. Мөн өдөр Вашингтонд 25 мянга орчим цэрэг татсан байх юм. Сүүлийн өдрүүдэд тус хотын Цагаан ордон, Конгрессын ордонтой залгаа орших үлэмж хэсгийн тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.
Үүний сацуу Үндэсний гвардын 4000 гаруй цэрэг муж улсууд дахь хууль тогтоох байгууллага болон дэд бүтцийн бусад гол объектыг хамгаалах гэнэ.
Мөн муж улс бүрт үндэсний гвардынхан байрлаж, захирагч болон Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг биелүүлнэ. Үндэсний гвард нь АНУ-ын Хуурай замын цэрэг болон Агаарын цэргийн хүчний зохион байгуулалттай бэлтгэл хүчин бөгөөд байгалийн гамшгийн уршгийг арилгах, хэв журам сахиулах зэрэг онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэдэг юм.