Израильд коронавирусийн халдварын эсрэг Pfizer вакцин хийлгэсний дараа дор хаяж 13 хүний нүүр саажжээ. Энэ тухай The Jerusalem Post сонин тус улсын Эрүүл мэндийн яамны эх сурвалжыг дурдан мэдээлэв. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар эл гаж нөлөө нэлээн түгээмэл байгаа аж. “Вакцин хийлгэсний дараа миний нүүр дор хаяж 28 цаг саажсан. Одоо энэ нь бүрэн арилсан гэж би хэлж чадахгүй. Гэхдээ өөр сөрөг зүйл болоогүй. Харин тарьсан газар бага зэрэг өвдсөн, тэгээд л тэр байсан "гэж вакцин хийлгэсний дараа нүүр нь саажсан иргэн ярьсан байна. Тэрбээр хоёр дахь вакцин хийлгэх эсэх талаар эргэлзэж байсан ч эл гаж нөлөө нь ховор тохиолддог тул улс орон даяар явагдаж буй вакцинжуулалтаас татгалзахгүй байхыг уриалжээ. Шиба эмнэлгийн халдварт өвчний тасгийн эрхлэгч, профессор Галя Рахав вакцин хийлгэсний дараа нүүр нь саажсан эмэгтэйд вакцины хоёр дахь тунг тариагүй аж. Чухам ямар шалтгааны улмаас дээрх гаж нөлөө гарч байгааг тодорхой хэлж чадахгүй байгаагаа тэрээр тэмдэглэжээ. Эдгээр хүмүүст вакцины хоёр дахь тунг нүүрний саажилтын бүх шинж тэмдэг бүрэн арилсаны дараа хийх ёстойг Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдэгджээ. Израильд COVID-19-ийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эхэлсэн юм. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд эмнэлгийн ажилчид болон анагаахын оюутнууд хамрагдаж байгаа аж. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хамгийн түрүүнд Pfizer вакцин хийлгэсэн юм.