Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони зүрхний өвчний улмаас Монакогийн эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Энэ тухай Италийн “Corriere della Sera” сонин улстөрчийн хувийн эмчийг иш татан мэдээлэв. Берлускони Францын Ницца хотоос 35 км-ийн зайд амьдардаг охиныдоо зочилж байжээ. 84 настай улс төрчийг зүрх хэм алдагдалтай байна гэж эмч оношилж Монакогийн зүрх судасны төвд яаралтай хэвтүүлэхээр шийдсэн байна. Экс ерөнхий сайдыг Итали руу тээвэрлэхэд цаг алдах байсан гэж эмч нь тайлбарлажээ.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Сильвио Берлускони коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэгэхэд эмч нар түүнд хоёр талын уушгины хатгалгаа онош тавьжээ. Тэрбээр есдүгээр сарын 14-нд эмнэлгээс гарсан байна.