АНУ-ын Ерөнхийлөгч Доналдд Трампын дэмжигчид Капитолийн ордон руу дайран эмх замбараагүй байдал үүсэх үеэр Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын тэргүүн Нэнси Пелосигийн зөөврийн компьютерийг ухаж байсан хүн нас барсан байдалтай гэрээсээ олджээ. Энэ тухай Sun сэтгүүл мэдээлэв. 53 настай Кристофер Стэнтоны амьгүй болсон бие Альфарет хотод байдаг байшингийнхаа хонгилд цусан дунд хэвтэж байхыг эхнэр нь олжээ. Цагдаа нар хэргийн газар үзлэг хийхэд талийгчийн гэрээс хоёр автомат буу олдсон байна.Үхлийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа аж. Кристофер Стэнтон нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолийн дайралтад оролцсоныхөө төлөө яллагдагчаар татагдаад байсан тухай Sun тэмдэглэжээ. Түүнд 180 хүртэл хоног баривчлах эсвэл мянган долларын торгууль ноогдуулах ял төлөвлөөд байжээ. Өмнө нь Капитолийн үймээний гэрч болсон 51 настай цагдаа Ховард Либенгуд өнгөрөгч амралтын өдрүүдэд амиа хорлосон тухай Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.
Энэ сарын 6-нд Трампын дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн Капитолийн ордонд нэвтрэн шинээр сонгогдсон Жо Байдены ялалтыг баталгаажуулж байсан Конгрессын хурлыг тасалдуулж эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үймээний үеэр таван хүн нас барсан аж. АНУ-ын Холбооны прокурор Майкл Шервин мэдэгдсэнээр Капитолийн ордон руу дайрсан 170 хүн оролцсон болохыг тогтоосон бөгөөд 70 гаруй нь яллагдагчаар татсан байна.