АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим тус улсын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампад импичмент буюу итгэл үл үзүүлэх тухай тогтоолыг баталжээ. Түүнийг АНУ болон түүний засаг захиргааны байгууллагуудын аюулгүй байдалд ноцтой аюул учруулахад нөлөөлсөн, ардчилсан системийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн, засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхэд саад хийсэн, Капитолийн ордонд хууль бус үймээн дэгдээхэд иргэдийг турхирсан, хүчирхийлэлд уриалан дуудаж, хүний амь эрстэхэд хүргэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Танхимын гишүүд тогтоолын талаар хоёр цаг мэтгэлцсэний дараа санал хураалт явуулж 197 гишүүн эсрэг санал өгч, 232 гишүүн дэмжсэн байна. Ийнхүү Доналд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа импичмент зарлуулсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов. Одоо уг тогтоолыг Сенатад өргөн барих юм. Гэхдээ хууль тогтоох байгууллагын дээд танхим Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа дээрх тогтоолыг хэлэлцэж магадгүй аж. Учир нь Сенат хуваарийн дагуу бол нэгүгээр сарын 19 хүртэл санал хураах шаардлагатай томоохон сэдвийг хэлэлцэхээр хуралдахгүй. Гэтэл ардчилагч Жозеф Байдены АНУ-ын дараагийн ерөнхийлөгчид томилогдох ёслол нэгдүгээр сарын 20-нд болох юм.
Нэгдүгээр сарын 6-нд Конгрессийн танхим шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг баталгаажуулсны дараа сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Доналд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд энэ үеэр таван хүн амь үрэгдсэн юм. АНУ-ын сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Доналд Трампыг уг эмх замбараагүй байдал үүсэхэд иргэдийг турхирсан хэмээн буруутгаж, түүнд итгэл үл үзүүлэх ажиллагааг эхлүүлсэн юм.