Индонезийн иргэний агаарын тээврийн “Sriwijaya air” компанийн онгоц нийслэл Жакартагийн ойролцоо Ява тэнгист өнгөрөгч бямба гарагт осолдож, 50 зорчигч, тэдний дотор 10 хүүхэд, багийн 12 гишүүн амь эрсдэв.
Тус улсын Агаарын цэргийн хүчний төлөөлөгчид онгоц сүйрсэн байж болзошгүй газарт үүссэн толбыг илрүүлжээ. Ослын газар ажиллаж буй аврагчид нисэх онгоцны бүхээгийн өөрөө бичигч буюу хар хайрцгаас илгээсэн байж болзошгүй хоёр дохиог хүлээн авсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Мөн Ява тэнгист үзэгдэх орчин сайн байгаа тул аврагчид онгоцны сэгийг 23 метрийн гүнээс илрүүлсний сацуу зарим зорчигчийн цогцсыг олсон байна. Ослын газарт 10 хөлөг онгоц, 40 орчим шумбагч ажиллаж буй гэнэ. “Boeing” компанийнхан Индонезийн талтай хамтран ажиллаж, тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Хөөрснөөсөө хойш дөрвөн минутын дараа 3000 метрийн өндөр авсан онгоц Жакартагийн нисэх буудлын диспетчерүүдээс холбоо тасарсан байна. Лаки арлын ойролцоо Ява тэнгист онгоц унасныг эрх баригчид нь мэдээлжээ. Газрын алба онгоцны багийнхнаас гамшгийн дохио аваагүй гэнэ. Осолдсон онгоц нь “Boeing 737-524” загварынх бөгөөд 26 жил нислэг үйлдсэн, аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй аж. Нислэгийн аюулгүй байдлын хувьд Индонез харьцангуй тааруу үзүүлэлттэй учир тус бүс нутгаас Европын Холбоо 10 гаруй жил нислэг хүлээж аваагүй юм. Индонезэд 2012 оноос ашиглаж буй уг онгоц Жакартагаас Пантианак хот руу нэг хүрэхгүй цагийн нислэг үйлдэх ёстой байжээ. Энэ нь сүүлийн 10 жилд тохиолдсон ес дэх осол гэнэ.