Ням гарагт/2020.01.10/ Киргизэд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болон тус улсын засаглалын хэлбэрийг сонгох бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Өмнөх удирдагч Сооронбай Жээнбеков 2020 оны 10-р сард тус улсад өрнөсөн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд огцорсон бөгөөд энэ удаагийн сонгуульд улстөрчид, бизнесийн салбарын, хүчний төлөөлөгчид нийлээд 17 хүн нэр дэвшжээ. Сонгуулийн ирцэд тодорхой босго тавиагүй бөгөөд ямар нэгэн зөрчил гараагүй бол сонгуулийг хүчинтэй тооцох аж. Саналын хуудасны 92% -ийг автомат хайрцгаар боловсруулсны дараа Киргизийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байсан Садыр Жапаров сонгогчдын 79% -ийн санал авч тэргүүлж байна. Төрийн тэргүүнээ сонгохтой зэрэгцээд Киргизийн ард түмэн улсынхаа засаглалын хэлбэрийг тодорхойлоход саналаа өгчээ. Иргэд "ерөнхийлөгчийн засаглал", "парламентын засаглал", "бүгдийн эсрэг" гэсэн гурван хувилбараас сонгосон байна. Сонгогчдын 30-аас дээш хувь нь оролцсон тохиолдолд санал асуулгыг автоматаар хүчин төгөлдөр гэж үзэх аж. Киргизийн дийлэнх иргэд “ерөнхийлөгчийн засаглалын” төлөө саналаа өгчээ. “Урьдчилсан дүнгээр саналын хуудасны 75% -ийг боловсруулсны дараа Киргизстаны иргэдийн 81% нь ерөнхийлөгчийн засаглалын төлөө саналаа өглөө” гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгджээ.