АНУ-ын засгийн газрын гишүүд Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь хугацаанаас нь өмнө огцруулж, бүрэн эрхийг дэд ерөнхийлөгч Майк Пенсэд шилжүүлэх талаар ярилцаж эхэлжээ. Энэ талаар CBS телевиз эх сурвалжийг дурдан мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эл яриа төрийн байгууллагын тэргүүн нарын дунд яригдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Мөн энэ талаар дэд Ерөнхийлөгч Пенстэй өөртэй нь яриагүй байгаа юм байна. Өмнө нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль эрх зүйн хорооны Ардчилсан намын гишүүд дэд ерөнхийлөгч Майк Пенсийг одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампыг засгийн эрхээс зайлуулахад АНУ-ын Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтийг ашиглахыг уриалсан байна. "Ардчиллынхаа төлөө бид танаас 25 дахь нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, Ерөнхийлөгч Трампыг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлэхийг хичээнгүйлэн уриалж байна" гэж захидалд дурдсаныг Дэвид Чичиллин өөрийн Twitter хуудсандаа бичжээ. Доналд Трампын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сарын 20-нд дуусах бөгөөд энэ өдөр шинээр сонгогдсон төрийн тэргүүн Жо Байдены тангараг өргөх ёслол болох юм. Энэ сарын 6-нд Капитолын ордонд конгрессийн хоёр танхимын гишүүд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар хуралдаж байсан бөгөөд Трампыг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр тус ордонд дайран орж үймээн самуун дэгдээжээ. Эсэргүүцэгчдийг Үндэсний Гвардийн цэргүүдийн оролцоотойгоор хөөн гаргасан байна. Үүний улмаас Вашингтон хотод 14 хоногийн хөл хорио тогтоогоод байна.