Ерөнхийлөгчийн сонгууль ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй Дональд Трампыг дэмжигчид Вашингтоны Конгрессын ордон руу нэвтэрч үймээн, самуун дэгдээжээ.
Тодруулбал, лхагва гарагт Конгрессын гишүүд Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар ордонд хуралдаж эхэлсэн юм. Энэ үеэр Трампыг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран оржээ. Учир нь чуулганы хурал эхлэхээс өмнө Доналд Трамп “хэзээ ч бууж өгөхгүй, одоо бол хүлцэнгүй байх цаг биш” хэмээн дэмжигчдэдээ хандан мэдэгджээ.
Үймээн самууны үед жагсагчид болон цагдаа нарын хооронд галт зэвсэг ашигласан гэх асуудал үүссэн бөгөөд үүний улмаас нэг эмэгтэй амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Сүүлд нь Үндэсний харуулын албаныхан ирж жагсагчдыг Капитолын ордноос хөөн гаргаж, дэг журам тогтоосон байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн хуулийг хамгаалахыг ерөнхийлөгч Дональд Трампд уриалжээ.
Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм.