Гадаадын тагнуулчидтай хамтран ажилласан хэрэгт буруутгасан, “Amad News” цахим хуудасны эрхлэгч Рухолла Замд оноосон цаазаар авах ялыг Ираны эрх баригчид гүйцэтгэснийг телевиз, радиогийн IRIB корпорац уламжлав. Өнгөрсөн бямба гаргийн өглөө түүнийг дүүжилсэн гэнэ.
Түүнийг Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусынхан баривчилсныг IRNA агентлаг өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд мэдээлсэн юм. Франц, АНУ, Израилын тагнуулчидтай хамтран, Засгийн газрынхаа эсрэг ажилласан хэрэгт Р.Замыг буруутгажээ. Хожим нь түүний баривчлагдсан байгааг харуулсан дүрс бичлэгийг Ираны мэдээллийн хэрэгслүүдээр үзүүлсэн аж.
Р.Зам нь Ираны сэтгүүлч, хилийн чанадаас үйл ажиллагаа явуулдаг идэвхтэн гэдгээрээ алдартай. Тэрбээр Францад байнга оршин суудаг. Иранд 2017-2018 онд болсон эсэргүүцлийн ажиллагааг Р.Зам онцгой идэвхтэй сурвалжилсан гэнэ.
Түүнд оноосон цаазаар авах ялаа Ираны эрх баригчид гүйцэтгэснийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага зэмлэн буруушаажээ. Тус байгууллага өнгөрсөн аравдугаар 23-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет болон Иран дахь НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Жаваи Рехман нарт тэр талаар мэдэгдсэн гэнэ.