Молдовагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялсан, Европын талыг баримталдаг нэр дэвшигч Майя Сандуг тодорхойлох баримтыг хүргэе.
ЭДИЙН ЗАСАГЧ
Майя Санду 1972 онд Молдовагийн Фалешт дүүргийн Рисипень тосгонд мэндэлжээ. Аав нь малын эмч, ээж нь дунд сургуулийн багшаар ажиллаж байв. 1989-1994 онд улсынхаа Эдийн засгийн боловсролын академид, дараа нь гурван жил Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академид олон улсын харилцаа судалжээ. 1994 оноос Эдийн засгийн яамандаа ажиллаж эхэлсэн бол 1996 оноос олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах газрын зөвлөхийн албан тушаал хаших болов.
2010 онд Жон Кеннедигийн нэрэмжит Харвардын төрийн удирдлагын институтийг төгссөн аж. Сургалтын төлбөрөө тэтгэлэг, хадгаламж болон хоёр зээлээр барагдуулсан байна. Харвардыг төгссөний дараа Вашингтон дахь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2012 он хүртэл ажиллав.
БОЛОВСРОЛЫГ ШИНЭЧЛЭГЧ
Молдовагийн Либерал-ардчилсан намын эмхлэн байгуулсан Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллах урилга авснаар 2012 онд Кишиневт эргэн очжээ. Сайдаар гурван жил ажиллахдаа Майя улсын шалгалт авах шинэ журам баталж, хэл заах аргачлалыг өөрчилсөн гэнэ. Орос хэлийг тусдаа сургуульд судлах бо-лов. Украины сэтгүүлч Д.Гордонд сонгуулийн өмнө ярилцлага өгөхдөө Молдовагийн иргэдийн 25 хувь нь оросоор ярьдаг, төрөлх хэлээ гэж үздэг, тэдний эрхийг Майя хавчих гэж байна хэмээн Ерөнхийлөгч Игорь Додон сонгогчдыг шударга бусаар айлгаж буйг мэдээлсэн байна. “Хүний эрх миний хувьд хамгийн чухал учраас орос хэлтнүүдийн эсрэг хэн ч юу ч хийх гээгүй” гэж тэрбээр хэлжээ. Үндэсний цөөнхийн бүх хэлийг заах, румын хэлийг төрийн хэлний хувьд сурах боломжтой байх арга замыг Майя хайхаа мэдэгдсэн аж. Молдовагийн Үндсэн хуульд латин бичлэгтэй молдова хэлийг төрийн хэл хэмээн заажээ. 2017 онд эл заалтыг өөрчилж, румын хэлийг оронд нь заалгахыг Либерал-ардчилсан намын гишүүд оролдсон байна.
ЕВРОПТ НЭГДЭХ ТАЛЫГ БАРИМТЛАГЧ
Хөгжлийн европ загвар улс оронд нь хамгийн ойр хэмээн Майя Санду хэлжээ. “Эрхээ эдэлдэг, хэнийг сонгохоо заалгадаггүй чөлөөтэй хүмүүс байхыг, авлигагүй улс болохыг бид хүсэж байна” гэж тэрбээр Д.Гордонд тайлбарласан аж. Гэхдээ Европын үнэ цэнийг тунхагладаг олон Засгийн газар авлигад идэгдсэн байдаг учир тус тивийг баримжаалах бодлого Молдовад дэмжигдэхгүй байх талтайг Майя хүлээн зөвшөөрсөн байна.
НАМ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН УДИРДАГЧ
Тэрбээр 2015 онд “Майя Сандутай хамт алх” намаа байгуулав. Дараа нь нэрээ “Үйл ажиллагаа ба эв нэгдэл” хэмээн өөрчилсөн гэнэ. Молдоваг Өрнөдийн орнуудад ойртуулах, Европт нэгдэх, зах зээлийн эдийн засагтай, боловсролын үр өгөөжтэй тогтолцоотой болох, авлигатай хатуу тэмцэх хөтөлбөр боловсруулжээ. Энэ намаасаа Майя 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн аж. Хоёрдугаар шатанд нь одоогийн Төрийн тэргүүн Игорь Додонд ялагдсан байна.
2019 онд Ерөнхий сайдаар хагас жил ажиллажээ. Түүнийг томилсон нь дотоод болон гадаад бодлогын буулт байв. И.Додоны Социалистуудын нам Майяг уг албан тушаалд томилохыг зөвшөөрсөн, харин томилгоо нь ОХУ, АНУ, Европын Холбооны тохиролцоо байсан аж. Тийнхүү бизнесмен, олигархи Владимир Плахотнюкийн олон жилийн засаглалыг эцэс болгосон аж. Тэрбээр Ардчилсан болон бусад намаар дамжуулан Молдовагийн улс төрийг хяналтдаа авсан байжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АВЛИГА АВСАН ХЭМЭЭН ШҮҮМЖИЛДЭГ
Ерөнхийлөгч Игорь Додоныг худалч, оргодол олигарх В.Плахотнюкийн тусламжтайгаар төрийн эрхэнд гарсан. Хууль бус эдийн засгийн янз бүрийн үйл ажиллагаанаас ашиг хүртдэг хэмээн Майя мэдэгджээ. Тухайлбал, Днестр орчмын орнуудаас тамхи нууцаар хил давуулан наймаалдаг гэв. И.Додоны үед тус улс гадаад бодлогын бүслэн хаалтад орсон хэмээн М.Санду нотолдог. И.Додоныг Бухарест, Киевт айлчлахын оронд ОХУ-ын удирдлагатай уулзах зэргээр тус улсыг баримжаалсан идэвхтэй ажиллагаа явуулсан гэжээ.
УКРАИНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ДЭМЖИГЧ
“Хэрэг дээрээ Крым Оросынх. Хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй” гэж И.Додон 2016 онд сонгогдохын өмнө болон сонгуулийн дараа мэдэгдсэн. Харин М.Санду “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг бөгөөд үүнд үндэслэн тус улстай сайн харилцаатай байх боломжтой” гэж өгүүлжээ. “Молдова болон Украин геополитикийн нэг холбоотой” гэж тэрбээр хэлсэн юм. Тус хоёр улс Европын Холбоотой гэрээ байгуулсан бөгөөд иргэд нь тус холбоо руу визгүй зорчдог аж.
ОХУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ, ЦЭРГИЙГ НЬ ГАРГАХЫГ ХҮСДЭГ
Ерөнхий сайд байхдаа Майя Санду Москвад айлчилж чадаагүй. ОХУ-д аж төрдөг иргэдийнхээ сайн сайхны төлөө харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр одоо ярьж байна. “Иргэдийнхээ тэтгэвэр, нийгмийн хангамжтай холбоотой асуудлуудыг шийдэх хэрэгтэй” гэж Майя үздэг аж. Тэрчлэн цөөн тооны бус, бүх компаниа Орос руу экспорт хийдэг болох шийдлийг олох хэрэгтэй гэж намынхаа цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. И.Додоны хүсэлтээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсынхаа зах зээлийг цөөн тооны нийлүүлэгчид нээсэн аж. Мөн олон улсын түншүүдийн оролцоотойгоор Днестр орчмын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээ хийх хэрэгтэйг М.Санду тэмдэглэжээ. Ийм яриа өрнүүлэх нэг чиглэл нь Оросын цэргийг гаргах тухай байж болзошгүй. ОХУ-ын энхийг сахиулагчид Днестр орчмын бүс нутагт 1992 онд оржээ. Энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд нэг бус, хэд хэдэн орны төлөөлөгч байх ёстойг Майя онцолсон аж.
В.ПУТИНТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН
Ерөнхийлөгч болмогцоо Майя Санду В.Путинтэй нүүр тулан уулзахад бэлэн гэнэ. Ард түмнийхээ нэрийн өмнөөс тэдний эрх ашгийн төлөө учраас хүндрэл учрахгүй гэж тэрбээр хэлжээ.
ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЯВУУЛАХАА АМЛАВ
Төрийн тэргүүний сонгуульд ялсныхаа дараа М.Санду парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах аргыг олохоо амласан. Молдова нь парламентын засаглалтай учраас Ерөнхийлөгчид шийдвэр гаргахад хүндрэлтэй. Сонгууль зарлахад гишүүдийн дэмжлэг хэрэгтэй аж. Одоогийн парламентын олонх нь буюу 101 гишүүний 37 нь Социалистуудын намд харьяалагддаг, Ерөнхий сайд нь Төрийн тэргүүний зөвлөх асан Ион Кику гэнэ.
БУУРЬ СЭЛГЭХГҮЙ
Майя Санду нөхөргүй, нийслэл Кишиневт 74 ам метр талбай бүхий хоёр өрөө байртай. Төрийн мөнгийг үрэхгүйн тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч байрнаасаа нүүх бодолгүй буйгаа тэрбээр Д.Гордонд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр 2007 онд үйлдвэрлэсэн, “Тоёота рав-4” загварын автомашинтай аж.