Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг Нидерландаас хөөн гаргах болсон тухай Нидерландын Ерөнхий тагнуул, аюулгүй байдлын алба (AIVD) мэдэгдэв. " AIVD саяхан ОХУ-ын Гадаад тагнуулын албаны ажилтны нууц ажиллагааг таслан зогсоолоо. Эдгээр хоёр ажилтан нь Гаага дахь Оросын элчин сайдын яаманд дипломатууд гэж батламжигдсан байсан бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарт тагнуулын үйл ажиллагаа эрхэлж байсан. Тодруулбал нэг ажилтан нь холбоо харилцааны салаалсан сүлжээ үүсгэж, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, нанотехнологи зэрэг өндөр технологийн салбарын мэдээллүүдийг авдаг байжээ. Зарим тохиолдолд тэрбээр эх сурвалжуудад мөнгө төлдөг байсан бөгөөд хоёр дахь тагнуулч нь туслах үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэднийг “персона нон грат” гэж зарлалаа. Тэд цаашид Нидерландад дипломатаар ажиллах эрхгүй бөгөөд манай орныг нэг даруй орхин гарах ёстой гэсэн үг” гэж мэдэгдэлд онцолжээ.
ОХУ-ын Элчин сайдын яам Нидерландын Гадаад хэргийн яамнаас нот бичиг хүлээн авсан гэдгээ баталсан байна. Тус дипломат байгууллага "Вант улсын нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй" хэмээн цохон тэмдэглэсний дээр ОХУ хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.