Өчигдөр буюу Пүрэв гарагт /2020.12.10/ Бельгийн нийслэл Брюссельд Европын холбооны дээд хэмжээний уулзалт эхлэв. Дэлхий дахинд цартахал эхэлснээс хойш тус холбооны гишүүн орнуудын удирдагчид анх удаа онланй бус харин биечлэн оролцож байна. Дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг бол юуны түрүүнд вакцинжуулалтын асуудал байв. Дэлхийн хүн амын 70% вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд Европт хорио цээрийн бүх арга хэмжээг цуцлах, гуравдагч орноос Европ руу вакцин оруулах эсэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг хэлэлцэх аж.Өөр нэг чухал сэдэв бол ЕХ-ны ойрын 7 жилийн төсвийн төлөвлөгөөг 2 их наяд еврогоор батлах явдал. Энэхүү төсөвт Польш, Унгар улс хориг тавьчхаад байгаа юм. Тус холбооны тогтоосон хууль журмыг биелэлтийн зарчмаар гишүүн орнуудад төсвийн мөнгийг хуваарилахтай дээрх хоёр орон санал нийлэхгүй байгаа аж. Дээд хэмжээний уулзалтын амаргүй асуудлын нэг бол Газар дундын тэнгист явуулж буй Туркийн үйл ажиллагаатай холбогдуулан Анкарагийн эсрэг авах шинэ хориг арга хэмжээ юм. Уулын Карабах дахь мөргөлдөөнд Туркийн оролцоо хориг арга хэмжээг улам магадлалтай болгож байгаа билээ. Харин Анкара нь Ойрх Дорнодоос Европ руу цувах цагаачдын урсгалын тогтоож буй томоохон талбар тул дээрх асуудлыг шийдэхэд амаргүй байх болов уу. Дээд хэмжээний уулзалтын цорын ганц маргаангүй асуудал ОХУ эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээ байв. Эл асуудлыг хэлэлцэлгүйгээр дахин 6 сараар сунгажээ.