Их Британийн хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчдийн нэг Патрик Ходж ирэх нэгдүгээр сараас эхлэн Гонконгын давж заалдах шатны дээд шүүхийн гишүүн болох тухай “Минбао” сонин өнөөдөр мэдээлэв. Сонинд бичсэнээр Патрик Ходжийг томилох асуудлыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Гонконгийн Хууль тогтоох зөвлөл Лхагва гарагт баталжээ. Английн хуульчдад гурван жилийн гэрээ байгуулах санал тавьсан аж. Энэхүү алхмыг Хонконгийн шүүх системд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх бөгөөд Бээжингийн санаачилсан үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль батлагдсаны дараа бие даасан байдлаа үргэлжлүүлэн хадгалж байгааг тодотгох зорилготой хийжээ. 67 настай Ходж нь Их Британийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн орлогчоор ажиллаж байгаа аж. Хонконгийн засаг захиргааны дарга Карри Ламын онцолж хэлснээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь Английн нийтлэг эрх зүйн зарчимд үндэслэсэн "орон нутгийн шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүй" ажээ. Тэрбээр Хонконг нь бусад улс орны нийтлэг эрх зүйн байгууллагын төлөөллийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллахыг урьдын адил хөхүүлэн дэмжиж байгааг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо тус улсын засаг захиргааны онцгой бүс Гонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан юм. Бээжингийн мэдэгдсэнээр уг хууль нь салан тусгаарлах, терроризм, төрийн эрх мэдлийг алдагдуулах, гадны хүчинтэй хуйвалдах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бөгөөд уг хэрэгт бүх насаар нь хорих ял заажээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар Гонконгт нийгмийг аюулаас хамгаалах тусгай агентлагуудыг байгуулсан бөгөөд тэдгээр нь орон нутгийн засаг захиргааны харьяалалд ордоггүй аж. Барууны орнууд эл алхмыг Хонконгийн автономит байдал болон "нэг улс, хоёр систем" гэсэн томьёоллыг зөрчсөн гэж үздэг.