Умард Ирландын статусын талаар Европын Холбоотой зарчмын тохиролцоонд хүрсэн учир Британи дотоодын зах зээлийн тухай хуулийн төслийн маргаантай байгаа заалтуудаас татгалзахаар болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Майкл Гоув нь мэдэгдэв. Хуулийн уг төсөл нь энэ онд дуусах брекситийн дараах шилжилтийн үе дуусахад Британийн дөрвөн хэсэг хоорондын худалдааг зохицуулах, худалдааны орон зайн бүрэн бүтэн байдлаа хадгалах зорилготой юм. Гэсэн ч зарим заалт нь маргаан дагуулж, Европын Холбоо Британийг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлэхэд хүрсэн билээ. “Амьтан, ургамлын гаралтай болон дайвар бүтээгдэхүүний гаалийн хяналт, шалгалтын цэг, экспортын мэдүүлэг, эм, мах болон бусад бүтээгдэхүүнийг супермаркетуудад нийлүүлэх зэрэг асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Мөн Ирланд, Умард Ирландын талаарх протоколын заалтуудын дагуу төрийн тусламжийг хуваарилах тухай асуудал шийдэгдлээ” гэж талууд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Брекстийн гэрээний чухал хэсэг болох Умард Ирландын протоколын дагуу Умард Ирланд нь Британийн гаалийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэвээр байх юм. Тиймээс Британи гуравдагч улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал Умард Ирландын барааг оруулна. Гэхдээ Умард Ирланд Бүгд Найрамдах Ирланд Улс руу бараагаа чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд Европын Холбооны зарим дүрмийг дагаж мөрдөх гэнэ.