Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан хараахан намжаагүй байгаа Молдова эрх мэдлийн төлөөх тэмцэлд автав. Сая Ерөнхийлөгчөөр сонгогдсон Майя Санду болон Төрийн тэргүүний суудлаа удахгүй орхих Игорь Додон нарын хооронд тэмцэл өрнөж буй. Парламентыг хяналтдаа авахгүйгээр тус улсыг удирдах боломжгүй. Тэд тулаанд бүх боломжоо шавхаж, ялахын тулд Молдовагийн улс төрийн хамгийн этгээд хэнтэй ч эвсэхэд бэлэн.
Цар тахал газар авсанч Кишиневийн төв өнгөрсөн ням гарагт эсэргүүцэгчдээр дүүрсэн байв. Тэднийг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Майя Санду тэмцэлд уриалжээ. Цуглаан зохион байгуулагчдын тооцоолсноор, 50 мянган хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин цагдаагийнхан 5000 хүн цугласан гэв.
Майя Санду болон түүний уриалгыг дэмжигчид сонгуульд ялагдсан Ерөнхийлөгч Игорь Додоны томилсон Засгийн газрыг огцруулах, түүний хамгийн том фракц байдаг парламентыг тараах, хууль тогтоох тус байгууллагын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахыг шаардаж байна. “Эрхэм хүндэт иргэд ээ, авлига бол бидний хувьд үхлийн аюул юм. Улс орны амьсгал боогдож байна. Молдовагийн иргэдээс ашиг хонжоо олдог бүх хүн нэгджээ. Хулгайч нар шангаа хүртэж, ард түмэн нь эв найртай аж төрдөг хүчирхэг улс болох ирээдүй рүү Молдова итгэл төгс алхахыг бид хүсэж байна” гэж Майя Санду индрээс мэдэгдэв.
Румынтэй нэгдэхийг дэмждэг Үндэсний эв нэгдлийн намын удирдагч, парламентын гишүүн Октавиан Цыку эсэргүүцлийн ажиллагааг сайшаан үг хэлжээ. “Урвагчаас болж бид энд цугласан. Додон бол урвагч. Бидний зовлон зүдгүүрийн эх сурвалж нь Додон бус, Путиний Орос улс. Додоны тусламжтайгаар Путин манай улсыг эзэлсэн” гэж Молдовагийн одоогийн Ерөнхийлөгчийг тэрбээр гутаан доромжлов.
Игорь Додоны эсрэг Майя Сандуг дэмжихийн тулд Кишиневийн төвд цугласан улстөрчдийн дунд Молдовагийн олигархи Владимир Плахотнюкийн хүрээлэлд саяхан багтсан олон хүн байлаа. Төрийн ямар ч албан тушаал хашдаггүй тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сар хүртэл бүх эрх мэдэл, санхүүгийн хамгийн том урсгалуудыг хянаж байв. Жил хагасын өмнө В.Плахотнюк эх орноосоо зугтахад хүрсэн юм. Учир нь ОХУ, Европын Холбоо, АНУ Игорь Додон, Майя Санду, тэдний ар дахь эвссэн намуудыг богино хугацаанд ч гэсэн нэгтгэж чадсан аж. Тус эвсэл улсынхаа удирдлагаас олигархиудад үнэнч хүмүүсийг зайлуулжээ. Өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд асан Павел Филип, парламентын дарга асан Андриан Канду, Хууль зүйн сайд асан Владимир Чеботарь, саяхныг хүртэл авлигад эдэгдсэн, олигархи дэглэмийн тулгуур багана гэгдэж байсан Владимир Плахотнюк нар Майя Сандугийн хамт Засгийн газрын ордны өмнө цугласан юм. Олигархи В.Плахотнюкийг хурцаар шүүмжилж байсан “Манай нам”-ын удирдагч Ренато Усатый эсэргүүцлийн ажиллагаанд оролцжээ.
Молдовагийн улс төр эрх мэдлийн төлөө хэрэгтэй гэвэл ямар ч эвслүүдийг төрүүлэх чадалтайг Майя Сандугийн цуглаан төдийгүй Игорь Додоны сүүлийн үед хийж буй үйлдэл нотолж байна. Түүний парламент дахь Социалистуудын нам Владимир Плахотнюкийн Ардчилсан намын гишүүн байсан урвагч гишүүдтэй болон оргодол бизнесмен Илан Шорын “Шор” намаас парламентад сонгогдсон хууль тогтоогчидтой эвсэл байгуулсан аж.
Оросын дуучин Жасмины нөхөр Илан Шор нь Молдовагаар хязгаарлагдахгүй алдартай нэгэн. Тэрбээр В.Плахотнюкийн хамт Молдовагийн гурван банкнаас 2014 онд нэг тэрбум ам.доллар гаргах схем буюу зууны хулгайн гол зохион байгуулагчдын нэг гэгддэг. И.Шорыг Москвад ч сайн мэддэг бөгөөд 2015 оны нэгдүгээр сард үндэсний аюулгүй байдлын үүднээс түүнийг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ.
Энэ бүхэн Молдова болон Израилын иргэнд өнгөрсөн онд парламентад намаа оролцуулахад саад болоогүй аж. Тэр үед И.Шор Игорь Додонтой таарамж муу, түүний булайг дэлгэхээ амлаж байсан бол өдгөө тэд холбоотон болсон гэнэ. Тэдний эвсэл парламентад хууль батлахад хангалттай олонхыг бүрдүүлжээ.
Тэдний эвсэл энэ сарын 3-нд багц хууль парламентад батлуулсан нь Майя Санду цуглаан зохион байгуулах шалтаг болсон аж. Тухайлбал, тус улсын гол тусгай алба болох Мэдээлэл, аюулгүй байдлын албыг Ерөнхийлөгчийн мэдлээс гаргах хууль баталсан гэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаалаас энэ сарын хоёрдугаар хагаст буух И.Додон тусгай албаныхныг Майя Сандугийн гарт бус, парламентад захирагдахаар болгожээ.
Уг хууль Молдовад орос хэл ашиглахыг зөвшөөрдөг. Тус улсын нутаг дэвсгэрт Оросын телевизийн сувгууд гарахад тавьсан хоригийг үүгээр цуцалжээ. Оросын суртал нэвтрүүлгээс улс орноо хамгаалах шаардлагаар тайлбарлан Владимир Плахотнюк 2017 онд уг хоригийг тогтоосон байна. Эцэст нь, АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилга барихад зориулан Кишиневийн төвд их хэмжээний газар олгохыг цуцалсан шийдвэрийг парламентад баталсан аж.
Дээр дурдсан болон бусад хуулийг журам зөрчин, олонхын хүчээр яаран баталсан нь зөвхөн Майя Санду төдийгүй Өрнөдийн орнуудад таалагдаагүй юм. Вашингтонд ЭСЯ-нд нь зориулан газар худалдах тхай хэлэлцээрийг цуцалсан нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлнө хэмээн АНУ ил тод мэдэгджээ. Санал хураалтуудыг ил тод бус хэмээн Европын Холбоо үзсэн байна.
Ташрамд дурдахад, энэ нөхцөл байдалд Өрнөдийн байр суурь социалистууд болон Игорь Додоны санааг бараг зовоосонгүй. Өнөөг хүртэл “хөдөлгөөнгүй хэвтсэн” хуулиудыг батлах талаар яаралтай, шийдвэртэй алхам хийсэн нь парламентыг хяналтдаа авахын төлөөх тэмцэл ширүүн байхыг илтгэж буй. Өөрийнх нь талыг дэмжигч сонгогчдоо дээд зэргээр хөдөлгөхийг тал тус бүрийн гол зорилтоо болох нь. И.Додон, түүний намынхны хувьд энэ нь орос хэлтнүүд. Тэдний төлөө орос хэл, Оросын мэдээллийн тухай хууль баталсан. Үүнийг хайр найргүй шүүмжлэгч Майя Сандугийн цуглааны үеэр хэлж буй Оросын болон тус улсын Төрийн тэргүүн В.Путиний эсрэг уриа лоозонгууд нь түүнийг хэт барууны тал руу шахаж магадгүй юм. Үүнээс тэрбээр Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр гаргахыг оролдсон нь амжилттай болсон аж.