АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп Ардчилсан намын гишүүн Жозеф Байден тангараг өргөх ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордноос “Air force one” онгоцоор Флорида руу нисэж, нийслэлд болон албаны ёсны бүх арга хэмжээнд оролцохгүй гэж “Axios” цахим хуудсанд мэдээлжээ. Телевизийн од байсан Д.Трамп Вашингтонд хүн хоорондын зай барих журмын дагуу болох шинэ Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолоос Флоридад олон хүн оролцуулан үг хэлэх өөрийн арга хэмжээ рүү үзэгчдийн анхаарлыг татахаар төлөвлөж буй гэнэ. Тус улсад бүх нийтийн сонгууль өнгөрсөн сарын 3-нд болж, үүнд ялснаа Жозеф Байден зарласан. АНУ-ын засаг захиргаа түүний ялсныг хүлээн зөвшөөрч, дараагийн удирдагчийг үүрэгт ажлаа хүлээн авахад шаардлагатай төсөв хөрөнгийг багт нь өгөхөд бэлэн буйгаа бичгээр уламжилжээ. Гэсэн ч Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, саналын хуудсыг дахин тоолохыг шаардан шүүхэд хандахаа мэдэгдсээр байгаа юм. Ардчилсан намынхан сонгуулийн үеэр олон зөрчил гаргасан хэмээн тэрбээр үзжээ.