Саудын Араб, Катар улс Вашингтоны зуучлалтайгаар харилцаагаа сайжруулах урьдчилсан тохиролцоонд удахгүй хүрэх гэж буй тухай “Bloomberg” агентлаг дамжуулав. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр талууд хил, агаарын орон зайгаа нээхээр төлөвлөж байна. Үүний сацуу хоёр улсын хооронд хүрсэн тохиролцоо нь мэдээллийн дайныг эцэслэж, харилцаагаа сэргээх бусад хэд хэдэн алхмын эхлэлийг тавих аж. Катар улстай дипломат харилцаагаа тасална гэж өмнө нь мөн мэдэгдэж байсан Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн, Египет улс эл тохиролцоонд оролцохгүй гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнерийг энэ долоо хоногт тус бүс нутагт айлчилсны дараа Кувейтийн зуучлалтайгаар хийж буй хоёр орны харилцааг сэргээх яриа хэлэлцээ амжилттай болох нь тодорхой болжээ. Ж.Кушнер Саудын Араб, Катарт айлчилж Дохаг Персийн булангийн бусад улстай эвлэрүүлэхээр төлөвлөж буй тухай “Axios” цахим хуудас урьд нь мэдээлсэн юм. Ингэснээр тус бүс нутгийн байдлыг тогтворжуулахын сацуу ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордны тэргүүн солигдохоос өмнө одоогийн засаг захиргааны хүрсэн ололт амжилтуудын нэг болно гэж Америкийн тал үзжээ.
2017 оны зун Саудын Араб, АНЭУ, Бахрейн, Египет улс Дохаг терроризмыг дэмжиж, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутган, Катар улстай дипломат харилцаагаа тасалсан билээ. Дараа нь эдийн засгийн хориг арга хэмжээ авч, агаарын орон зайгаа хаасан юм.