БНАСАУ-ын хакерууд коронавирусын эсрэг шинэ төрлийн вакцин боловсруулж буй АНУ, Их Британи, БНСУ-ийн дор хаяж зургаан компанийг хакердах оролдлого хийсэн байх магадлалтай талаар The Wall Street Journal сонин нөхцөл байдлыг мэддэг эх сурвалжаас иш татан Лхагва гарагт мэдээлэв. Тэдний мэдээлж буйгаар кибер халдлага Америкийн Johnson & Johnson, Novavax, Өмнөд Солонгосын Genexine, Celltrion и Shin Poong Pharmaceutical, Их Британи-Шведийн AstraZeneca компаниуд руу чиглэсэн байжээ. Эдгээр халдлагыг Умард Солонгосын эрх баригчид энэ оны наймдугаар сараас хойш зохион байгуулж ирсэн гэж мэдээнд тэмдэглэжээ. Хакерууд вакцины талаар ямар нэгэн мэдээлэл олж авч чадсан эсэхийг сонины эх сурвалж тодруулаагүй байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Celltrion, Shin Poong Pharmaceutical компаниудын нарын төлөөлөгчид “The Wall Street Journal” сонинд ярихдаа компанийн серверууд кибер халдлагад өртсөн болох нь тогтоогдсон боловч онц их хэмжээний хохирол олж илрүүлээгүй гэжээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 27-нд “Rueters” агентлаг эх сурвалжуудыг иш татан БНАСАУ-ын хакерууд Оксфордын их сургуультай хамтран коронавирусын эсрэг вакцин боловсруулж буй AstraZeneca компанийн эсрэг кибер дайралт хийсэн гэж мэдээлсэн юм. Тэдний мэдээлснээр хакерууд бизнесийн LinkedIn нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрсдийгөө өөр компанийн төлөөлөл гээд AstraZeneca-ийн ажилчидтай холбоо тогтоож, тэдэнд шинэ ажил санал болгохдоо "харилцагчийн компьютерт нэвтрэх хортой код" бүхий баримт бичгийг илгээсэн байна. Эх сурвалжуудын онцолж буйгаар эдгээр оролдлогууд амжилтад хүрээгүй бололтой.