Их Британи Даваа гарагаас эхлэн хүн амаа вакцинжуулах болсон тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок өнөө өглөө Твиеттер хуудсаараа мэдээлэв. “Энэ бол гайхалтай мэдээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын хараат бус агентлаг (MHRA) вакциныг зөвшөөрсөн тул бид ирэх долоо хоногийн эхэнд энэ улсад Ковид-19-ийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлэхээр болов. Ингэснээр Их Британи коронавирусийн эсрэг “эмнэлзүйн батлагдсан вакцин” нэвтрүүлсэн дэлхийн анхны улс боллоо.” гэж тэрбээр бичсэн байна. Энэ долоо хоногийн эхэнд Британийн Засгийн газар Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг MHRA-ын зөвөлсний дагуу вакцинжуулалт явуулахыг зөвшөөрчсөн билээ. Мэтт Хэнкокийн бичсэнээр Бельги улсаас 800 мянган туныг зөөвөрлөж байгаа аж. Вакцинжуулалтад эхний ээлжинд нийгмийн хамгийн эмзэг ангилал болох эмч болон өндөр настнуудын асрамжийн газрын оршин суугчид хамрагдах гэнэ. Ливерпүүль хотын Их Сургуулийн эмнэлэг болон Британийн баруун хойд хэсэгт байрлах долоон эмнэлгийн төвүүд ирэх долоо хоногт вакцинжуулалтыг явуулахаар болжээ.